Их хэмжээний эм тариа биедээ нуусан байжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Их хэмжээний эм тариа биедээ нуусан байжээ

Гаалийн ерөнхий газраас иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг өгч байна.

Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр иргэн О гэгч ОХУ-аас Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирэхдээ эрх бүхий байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авч, тодорхой хяналтын дор улсын хилээр нэвтрүүлэх ёстой /тарифын бус хязгаарлалттай/ барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байцаагч нар илрүүлжээ. Тэрбээр  Гамавит хэмээх улаан өнгийн шингэн тариа 314 ширхэгийг биеийнхээ цээж, бэлхүүс, хөл, гуяныхаа хэсэгт нуун далдалж, хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан байна. Нийт үнийн дүн нь 1,3 сая төгрөгийн тариаг ийн нууцаар оруулах гэж байснаас үүдэн гаалийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг гаргажээ.

Хөл, бэлхүүс, гэдсэндээ нуусан байдал

 
Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр мөн дээрхтэй төстэй хэрэг гарчээ. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас олон улс хоорондын эрсдэлтэй зорчигчдын ачаа тээшинд гаалийн хяналт шалгалт хийхэд, ОХУ-аас Иркутски-Улаанбаатарын чиглэлийн олон улсын галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн Б нь хилийн чанадаас эх орондоо ирэхдээ эрх бүхий байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авч гаалийн хяналтан дор улсын хилээр нэвтрүүлэх ёстой бараа болох Предуктал Триметазидин гэх эмнээс 168 хавтгайг нуусан байжээ. Үнийн дүн 1,4 сая төгрөгт хүрэх эмийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус гаалийн газрын Хөдөлгөөнт хяналтын гаалийн байцаагч нар илрүүлжээ. Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байна.

 
Дээрхи үйлдлүүдээс харахад чанарын баталгаагүй, эрүүл ахуйн болон эмнэл зүйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус эм эмийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл багагүй гарч буй тул гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч та бүхэн баталгаатай эм эмийн зүйл авч хэрэглэхийг гаалийнхан анхааруулж байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж