Хэнтийн тариаланчид шинэчлэл ярьцгаав

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Хэнтийн тариаланчид шинэчлэл ярьцгаав

Хэнтий аймгийн энэ хаврын тариаланчдын зөвлөлгөөн “Газар тариалангийн шинэчлэл-2013” сэдвийн дор газар тариалангийн гол бүс нутаг- Өлзийт тосгонд боллоо. Зөвлөлгөөний эхэнд Хэнтийн газар тариаланд орчин үеийн хүчирхэг, олон үйлдэлт техникүүдтэй орж ирсэн “Сандей” группийн “Сандей агро” компанийн техникийн паркийг тариаланчдад танилцуулсан юм. Тус компани өнгөрсөн онд дэлхийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн тэргүүлэгч брендүүдийг Монгол улсдаа нийлүүлдэг “Энсада трактрон” компаниас нийт 2,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үрлэгчтэй, 4 үйлдэл зэрэг явуулах трактор, комбайн, бордоо, хор цацагч, 23 тонн багтаамжтай будааны бункер зэрэг техникүүдийг худалдан авч Өлзийт тосгонд тосны ургамал тарьж үйл ажиллагаагаа эхлээд байна. Эдгээр шинэ техникүүдийг Өлзийт тосгоны 5-6 механикжуулагч эзэмшин ажиллаж байна. Хийн үрлэгч гэхэд нэг га-д хичнээн ширхэг үр суув гэж тооцож гаргана. Кг, граммаар биш ширхэгээр. Бүхий л техникүүд нүсэр том мэт харагдавч хөнгөн, нүүдлийн байдалд шилжин явна. 220-250 га-г өдөртөө үрлэнэ. 1000 га-г дөрвөн  өдөрт үрлэнэ. 25 км/цагийн хурдтай явж үрлэх аж. Хаана, хичнээн хэмжээтэй, ямар хор цацсан зэргийг комьпютерээр хянана. 155 морины хүчтэй, 8 тонн бункертай, 2 минутад будаагаа буулгадаг комбайн гэхэд 10 метр өргөн жатктай. Энэ трактор комбайн дэлхийд 30 гаруй байгаагийн нэг нь Хан Хэнтий нутагт байна. Өдөрт 200 га, таван өдөр явж 1000 га-г хураана. Комбайн 600 сая, үрлэгчтэй трактор нэг тэрбум төгрөгийн үнэтэй.

АНУ-ын “Кейс” компанийн албан ёсны диллер “Энсада” компани сүүлийн гурван  жилд эдний техникийг зарж, сэлбэг сервис бүх юмыг нь засдаг байна. Техникүүд 15 жил найдвартай ажиллана. Өдгөө Дорнодын Халх гол. Сэлэнгийн Гацуурт зэрэг үр тарианы 50 гаруй компанид тоног төхөөрөмж нийлүүлж, 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн нийт зах зээлийн 60 хувийг дангаараа барьдаг, өрсөлдөгч 4 компанитай тухай тус компаний захирал Болдсайхан танилцууллаа. Эдний компани зөвхөн тоног төхөөрөмж, трактор нийлүүлээд зогсохгүй Монгол улсад стандартын чанартай үр түгээж, үр тарианы агуулахуудыг олноор барьж байгуулж байгаа аж.

Үүний дараа аль өнгөрсөн жилд захиалсан “Ургамлын сэлгээ” хичээлийг Монгол улсын гавъяат агрономч, шинжлэх ухааны доктор профессор Б.Дорж явууллаа.

-Ургамлын сэлгээ нь газар тариалангийн таван  хуулийн нэг аж. Сэлгээг яагаад хийдэг вэ? гэхээр хөрсний үр шимийг тогтвортой байлгах зорилгоор хийдэг. Төв Азийн хуурай газар хөрс үүсэхдээ урт удаан хугацаанд үргэлжилдэг. Зөөлөн дулаан уур амьсгалтай Европын нөхцөлд тэндхийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 1 см зузаан хөрс үүсэхэд 700-1000 жилийн хугацаа шаардагдана гэсэн тооцоо байдаг. Иймээс манай орны нөхцөлд тэрнээс удаан хугацаа шаардагдах нь тодорхой юм. Яагаад гэвэл Европын хөрс ихэнхдээ бараан, зарим газраа бараг хар шороон хөрстэй. Гэтэл манайд анх хөрс үүсэх цагаас эхэлсэн хөрс маань 18-20 см зузаан байгаа. Энэ нь тодорхой ургамал, гэрлийн нөлөөн дор үүснэ. Хагалаагүй газарт янз бүрийн ургамал ургасан байдгийг мэргэжилтнүүд алаг өвст бэлчээр гэж нэрлэдэг. Ургамал ургахдаа бие биедээ гурван янзаар үйлчилдэг.

1. Эсрэг тэсрэг үйлчилгээтэй
2. Хоеул зэрэгцэн ургах
3. Цуг байхгүй бол ургаж чадахгүй ургамлууд байна.

Царгас, ерхөг, согоовор гэх мэт. Иймээс хөрсний сэлгээ хөрсийг тогтвортой байлгахын тулд ургамлуудыг сэлгэн тарих үйл явц юм.

Ургацыг нэмэгдүүлнэ гэдэг нь сэлгээнд орж байгаа ургамлын нэг нь нөгөөгөө тэтгэх, ургамлыг солих нь хортон шавьж үржих бололцоог тасална. Мөн хөрсний бичил биетний хортой бодисыг устгадаг, ургамлаа тэтгэдэг юм. Мөн хөрсний экологи хэвийн болдог. Үр тарианы сорт бохирдох нь багасна. Сэлгээг ийм зорилгоор хийдэг гэх мэтчилэн өвгөн докторын хичээл тун сонсууштай байлаа. Сэлгээний таван төрлийг тэрбээр танилцуулсан. Тэжээлийн сэлгээ, хүнсний ногооны, тусгай зориулалтаар, ферм орчмын гэх мэт. Химийн уринш гэдэг нь химийн аргаар хог ургамалтай тэмцэнэ. Рапс хөрсийг салхи усанд өгөхгүй өөрөө хүчтэй ургамал учраас хөрсөнд үлдэх органик бодис ихтэй. Хөрсөө тордохын тулд зориудын ургамал тарих бий. Хошоонгоор хөрсийг бордох арга нь ногоон бордоо болдог. Царгас мөн хөрсийг органик бодисоор баяжуулдаг. Царгас ерхөг бол хөрсөнд шим тэжээл өгч бүтцийг сайжруулдаг. Сагадай будаа, наранцэцэг, царгас тарихаар хөрсийг мөн тэтгэнэ. Уриншийг чийг хуримтлуулах зорилгоор хийнэ. Мөн хог ургамалтай тэмцэнэ. Манай орны нөхцөлд 85-110 хоногт ургамал ургадаг учир хөрсний идэвхтэй үржил шимийг сэргээнэ. Уриншийн хугацаанд органик бодис задраад нөөц үржил шимээс идэвхтэй үржил шимд шилждэг байна. Уринш хөрсийг элэгдлээс хамгаалдаг ч салхинаас хамгаалж чадахгүй байгаа. Мөн шинэ сортын үрийг үржүүлэх зорилгоор хийдэг. Говиос хийссэн шороо Америк тив хүрч байна гэдэг. Салхиар хийсч явж байгаа хөрсний хэсэг бол хамгийн шимтэй нь юм. Буудайг царгастай хамт тарихад хөрсний нөөц үржил шим хамгийн их идэвхжинэ. Хошоон царгас тарьсан хөрсөнд фосфорын агууламж их байдаг. Буурцагт ургамал хийн азотыг хөрсөнд татдаг. Чулуулганд байгаа фосфорыг мөн татаж гаргадаг. Буудай, вандуй сэлгээд тарихад нэг түрүүнд олон үр гарсан байх жишээтэй. Тарилгын өмнөх нягтруулгыг намар 8 сард уринш хийхдээ булдаж нягтруулаад хавар шууд тарих хэрэгтэй. Үрийг том жижгээр ялгах ч чухал. Чийг дулааны тохиромжтой нөхцөлд буудай 5-7 хоногт соёолно. Хасах температуртай нөхцөлд соёолох нь удаан.

Өвгөн докторын хичээл ийн үргэлжилж, тариаланчид тун анхааралтай сонсч байлаа.

Зөвлөлгөөний ажиллагааг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нээж мэргэжил нэгт нөхдөдөө залуу насны сайхан дурсамж, тариан талбайд ажил өрнөж байсан үеийг дурсан ярьж гэгэлзүүллээ. Өөрсөдтэйгөө адил мэргэжлийн хүн аймаг удирдах болсонд тариалангийнхан таатай байх аж. Өдгөө Өлзийт тосгоны ажил амьдралыг сэргээхэд хувь нэмрээ оруулж байгаа Сандей групп, үнээний ферм, газар тариалан эрхэлж буй “Атар Чандаган сүү” компанийн удирдлагуудад баярлаж байгаагаа Засаг дарга илэрхийллээ.

Хэнтий аймаг 40 000 га-д улаан буудай тариалж байснаа бодвол өдгөө гучаад мянган га эргэлтийн талбайтайгаас дунджаар 15000 га-д нийт таван суманд 21 аж ахуйн нэгж, иргэд тариа тарьж байна. Өнгөрсөн жил улаанбуудай нэгжээс 15 цн буюу нийт 14000 тонныг хурааж авсан бол энэ хавар 10200 га-д улаанбуудай тариална. Хурх тосгонд 10000 тонны үр тарианы агуулах барина. Малын тэжээлийн үйлдвэр байгуулах, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрийг дэмжинэ. Зоорийн аж ахуй, усалгаатай газар тариаланг дэмжинэ. Өвлийн хүлэмж, Өндөрхаан хотод жимс жимсгэний парк байгуулах, газар тариаланд ажиллах боловсон хүчин бэлтгэх, Хурх, Өндөрхаанд техникийн үйлчилгээний дундын төв байгуулах, агуулах, гурил тэжээлийн үйлдвэр байгуулахыг дэмжихээ Засаг дарга мэдээллээ. Өвлийн хүлэмж, газар тариалангийн ажлын техник хэрэгсэл авахад хөнгөлттэй зээлэнд хамруулах, ногоочдын бүлэг хоршоог дэмжиж, 1000 тонны багтаамжтай зоорийн аж ахуй байгуулах зорилттой байгаа аж.

Зөвлөлгөөний гол илтгэлийг аймгийн ХХААЖДҮГ-ын дарга Ж.Төрмөнх хийлээ. Энэ зөвлөлгөөн газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд, газар тариалангийн хөгжлийг ямар арга замаар шинэ шатанд гаргах бодлого чиглэлээ тодорхойлоход чиглэнэ гэдгийг онцлов. Өнгөрсөн жил 14900 га-д үр тариа тариалж, 14500 тн ургац хураан авсан. Аймгийн хүн амын төмсний хэрэгцээг 140%, хүнсний ногооны хэрэгцээг 78%, гурилын хэрэгцээний 70%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна.

17 аж ахуйн нэгж 1,1 тэрбум төгрөгийн буудайн урамшуулал авчээ. Газрын нэгдмэл сангийн тайлангаар манай аймаг 90,2 мянган га эргэлтийн талбайтай, үүнээс үр тарианы зориулалтаар 89,6 мянган га, төмс хүнсний ногооны зориулалтаар 568 га талбай ашиглаж байна. 21 аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн талбайг өнгөрсөн оны ашиглалтын байдлаар үзэхэд 90-100% ашиглаж байгаа аж ахуйн нэгж долоо, 80-90% ашиглаж байгаа нь гурав, 70-80% ашиглаж байгаа нь хоёр, 10-50 хувийн ашиглалттай хоёр аж ахуйн нэгж байна. Нийт эргэлтийн талбайн 24 хувь, эзэмшиж байгаа талбайн 48 хувийг ашиглаж байна. 3000-5000 га талбайтай хоёр, 2000-3000 га-тай тав, 1000-2000 га-тай тав, 500-1000 га-тай дөрөв, 500-гаас доош га-тай хоёр  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран явуулсан хөрсний агрохимийн шинжилгээгээр 48000 га тариалангийн талбайд азотын хангамж 23,7 хувь нь сайн, зургаан хувь нь дунд, 68 хувь нь муу байна. Фосфорын хангамж 20 хувь нь сайн, 34,6 хувь нь дунд, 36 хувь нь муу, калийн хангамж 8,7 хувь нь сайн, 20,8 хувь  нь дунд, 70,5 хувь нь муу, улсын дунджаас 3-15 хувь бага үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд хөрсийг шинэ дэвшилттэй технологиор боловсруулж, нар салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалж таримлын нэр төрлийг нэмэгдүүлж сэлгээнд тэжээлийн ургамал тариалж, шим тэжээлт бодисын хангамж хүрэлцээг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байгааг илтгэгч дурдлаа. Иймээс шинэ техник технологийн үзүүлэх сургалт, хичээлийг зөвлөлгөөний эхэнд зориуд зохион байгуулжээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн үр дүн нь компанийн хөрөнгө санхүүгийн хүчин чадал, ажиллах хүч, техникийн хангамжаас шууд шалтгаалдаг. Техник хангамжийн судалгаагаар Хэнтий аймагт зүтгэх хүчний трактор 51, хураалтад 45 комбайн ажиллаж байгаа нь хаврын тариалалтыг 10 хоногт, хураалтыг 20 хоногт багтаах техникийн тооцоо гарч байна. Хуучирсан техник 60%-ий нь эзэлж байгаа нь газар тариалангийн үйлдвэрлэлд хохирол дагуулсаар байна. Үүнээс болж өнгөрөгч намар Эвийн хүч, Сайн эрийн хонхор, МОЭМЭ, Агроимпекс, Өндөрхаан зэрэг компаи 900 га талбай цасанд даруулж 600 га-гийн ургацыг хурааж авч чадалгүй 500 сая төгрөг олох боломжоо алджээ.

Энэ хавар 22 аж ахуйн нэгж 11,2 мянган га-д үр тариа тариалахад 1900 тонн үр шаардагдана. Аж ахуйнууд 945 тонн үр нөөцөлж цаана нь 1000 тонн үр дутагдаж байна. Өнөөдөр тариалж байгаа үрийн 21%-ийг Алтайский 100, 0,8%-ийг Алтайский 530, 17 хувийг Дархан 34, 13 хувийг Бурядский-79, 2,7 хувийг Цагаан дэглий, О,6 хувийг Халх гол сорт эзэлж байна.

Зөвлөлгөөнд ХХААЯ-ны мэргэжилтэн Б.Одонхүү оролцож, улсаас тариаланчдыг дэмжиж буй бодлого чиглэлийг танилцууллаа. Жил бүр ургацын захиалга өгч байгаа. Иймээс бүтээгдэхүүнийг хадгалах элеваторууд барина. Энэ жил 90 мянган тоннын агуулах барих дотор Хурхад 10 мянган тоннын агуулах барина. Хөрсний үржил шимийг сайжруулах арг хэмжээ авч байна. Төмсний импорт буурч байгаа, сонгино, сармис, байцаа хүнсний ногооны зоорийн багтаамжийг 348 мянган тонн-д хүргэх, усалгаатай тариаланг 48 мянгаас 80 мянган га-д хүргэнэ. Усалгаатай талбайн хайгуул судалгааг Хэнтий аймагт хийнэ. Таримлын сэлгээ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сүүлийн 18 жилд уринш буудай гэж тариалж байна. Ямар таримлыг яаж тариалахыг шийдэж, таримлын нэр төрлийг нэмэгдүүлнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үрийн, техникийн шинэчлэл хийнэ. Энэ бүх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 220 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. 98 тэрбумыг улсаас, үлдсэнийг ААН-үүдийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай мэдээллээ.

“Сандей агро” компаний зөвлөх инженер Р.Сүхмягмар тариалангийн шинэчлэлийн талаар олон чухал санал дэвшүүлсэн. Тухайлбал, -Таримлын сэлгээгээр Канад, Америкт өндөр ургац авч байгаагийн нууц нь тэр фермерт хаанаа юугаа тарихыг эрдэм шинжилгээний байгууллага ирээд шинжлэх ухааны үүднээс хэлээд өгдөг. Тэгээд төр ургасан ургацы нь худалдаад авдаг. Тарьдаг, ургадаг өч төчнөөн ургамал байна. Жишээ нь манай оронд шар буурцаг ургаж байна. Шар буурцгийг 1,2-1,5 сая төгрөгөөр худалдаж авах зах зээл нь байна. Эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид хамтарч ажиллах ёстой. Рапс тарихын хажуугаар зөгий үржүүлэх, маш их бал авах боломжтой. Царгасын цэцэгнээс бас сайхан бал гарна. Хүлэмжнээс ургац авна. Махны чиглэлийн 600 үхрийн фермийн дэргэд биогазын үйлдвэр байгуулж болно. Малын хаягдлаар газ, цахилгаанаа Өлзийтөд шийдэж болно. Германд 180 мянган ширхэг биогазын үйлдвэр байдаг юм байна. Энд энэ чиглэлээр Германаас мэргэжилтэн ирчихсэн байна. Төсөл нь бэлэн байна. Үхрийн баасаар цахилгаан, дулаанаа шийдэж болох нь. Баасаар бас бордоо үйлдвэрлэнэ. Бид гаднаас маш их бордоо авдаг. Тэгвэл байгалийн цэвэр бордоо кг нь 25 еврогийн үнэтэй. Гэтэл энэ бордоо маань энд ил гадаа бөөнөөрөө байна.

Рапснаас ургамлын тос, биодизель гардаг. Биоэтанол бол эрдэнэшишийн хаягдлаар хийдэг бензин юм. Дэлхийд нүүрс нефть дуусах тодорхой нөөц үлдсэн. Дэлхийд замагны их хурлууд болдог. Замагнаас онгоц машины түлш гаргаж авдаг. Үхрийн баасаар маш их юм хийж болох нь. Дэлхийд нүүрс 160, газ 70, нефть 42 жилийн нөөцтэй гэж тооцсон байна. Тэгвэл бид тариа будаанаасаа сэргээгдэх эрчим хүчийг гаргаж авах боломжтой гэлээ.

Энсада компаний захирал Э.Болдсайхан: –Хөрс хамгаалах технологи руу явж хөрсний үржил шимийг сайжруулж байж ургацаа нэмэгдүүлж ашигтай ажиллахад гадаа байгаа техникүүдээр хийхээс өөр аргагүй. Энсада компани 2010 онд Монгол улсад бүртгүүлсэн. Америк, Канад, Европын 38 тэргүүлэгч үйлдвэрүүдийн албан ёсны борлуулалтыг Монголдоо хийдэг. “О” технологийг Сэлэнгийн Гацууртын Номунхан компанид нэвтрүүлж байна. Эднийх 16 техник, 14 хүнээр 4000 га-д тарьдаг болсон. Үр, шатахуун, сэлбэгийн алдагдал байхгүй болсон. Харин хэмнэнэ. Үр 93 хувийн соёололттой. Хавар хаваад чийгээ алддаг байсныг чийгээ ууршуулахгүй, ганц үрлэхдээ зүсээд л булдаад тарих, сүрлэн хучлага хийж хөрсний үржил шимээ хадгалах О технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Хөрсийг ашиглах тусам үржил шим нь сайжирна. Манай орны хар уринштай нэг га талбайгаас жилдээ 30 тонн ялзмагт хөрс хийсч оддог. Энэ бол маш их мөнгө хийсч алга болж байна гэсэн үг. Ийм хүнд хүчрээр газар тариалан эрхэлнэ гэж юу байхав дээ. Стрессгүй бизнес хийцгээе нөхөд өө гэж уриаллаа.

Баян-Адарга сумын Улсын аварга тариаланч хамт олон “Идэр Онон” ХХК-ий захирал М.Оюунжаргал, -Үйлдвэрлээд гаргасан бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал байдаг. Орчин үеийн техник дээр ажиллах механикжуулагч, опероторыг бэлтгэх, МСҮТ-д ХАА-н машин техникийн засварын чиглэлээр сургаж байснаа одоо тасалдаад байгаа. Ганд тэсвэртэй, өвчин хортонд автахгүй сортын үрээр хангах, бидний тарьж байгаа үр баталгаагүй байдаг. О технологиор явахад ургамал хамгааллын бодис хор гербицид чухал байна. Эдгээр бодисын чанар бас хангалтгүй байдаг. Шинжлээд өгч байвал сайн. Газар тариалангийн үйлдвэрлэл асар их эрсдэлтэй. Энэ бизнесийг багцаатай болгох, төлөвлөгөө, тоотой явах хэрэгтэй байна. Улаанбуудайг 350 мянгаас доош үний нь буулгахгүй байх, буудайн стандартад анхаарах. Үүнд нэг санал байна. Стандартаас дээгүүр будаа өгвөл урамшуулдаг байх нь шударга болно. Үүнийг стандартад зааж өгвөл зүгээр байна. Нэмүү өртгийн татварыг хасч зохицуулж өгөөч. Татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдэг ч байхгүй байна гэсэн санал шүүмжийг хослуулав.

“Эвийн хүч” компанийн захирал Ц.Баярсайхан, тариа мал хоёрыгхэрхэн зохицуулахыг төр засгаасаа асуув. Эднийх өнгөрсөн намрын 10 сарын 12-нд зурвас газар их цас орж, дээр нь мал бас нэрмэж маш их тариа, ангилсан тариагаа хүртэл авч чадаагүй байна. Манай аймагт газар тариалангийн байдал бусад аймгийг бодвол хоцронгуй байна. Аймаг бодлогоор 10 тэрбум төгрөгөөр техникийн шинэчлэл, хор, үрийг шийдэхэд туслах боломж байна уу гэж асуув.

Үр тарианы гол бүс-Хурх тосгоны Захирагч Ж.Энххуяг, тариа мал хоёрт эрх зүйн зохицуулалт байна уу гэдгийг иргэний танхимаар ярьж хэлэлцүүлж өгөөч. Сумдад байгуулсан Мал эмнэлэг, үржлийн тасаг тосгонд ч бас байх шаардлагатай. Газар тариалан ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, арга зүйн зөвлөгөөгөөр хангах агрономч, агротехникчгүй, хар ухаанаараа явцгааж байна. Төрийг төлөөлсөн агрномчтой болгож өгөөч. Манай Хурхад жижиг тариаланчдад зориулж уриншийн техникийг нь эхний ээлжинд шийдэж өгөөч. Ашиглахгүй байгаа талбайнуудыг хурааж шинэ технологи оруулж ирэх компаниудад өгөх бодлоготой байна. Аймгийн ИТХ тогтоол гаргаж мал тарианы асуудлыг шийдэх нь зүйтэй байна. Зайдуу бэлчээрийг усжуулж малчдад нутаг гаргаж өгөх, мөн ойролцоо сумдын нутагт бэлчээр гаргах зэргээр шийдвэрлэх боломж байгааг санал болголоо.

“Хурх гол” компаний захирал Л.Ганбат, тариаланчдын зөвлөлгөөнийг маш сайхан зохион байгуулж байгаа Өлзийт тосгоны удирдлага хамт олонд тариаланчид бид баярлаж байна гэж талархаад, тариа тарьж байгаа Хурх, Баян-Адарга, Норовлин, Өлзийт, Биндэрийн хэсгийг аймаг газар тариалангийн бүс нутаг гэж зарламаар байна. Дадалд тариа тарьж байхад мөн л малын бэрхшээл тулгарч байсан. Хурхад тариа сүйтгэдэг бүлэг хүмүүс бий болсон байна. Цагдаа шүүхдээ тулсан. Тарианд мал орсныг шүүхээр шийдүүлье гэхэд жилийн ажил болдог. Нэг нөхөр Дорлигжавт та нарыг хэлнэ шүү гэж сүрдүүлээд хэргий нь шийдэхгүй байна шүү дээ. Тарианы үед цагдаагийн нэмэлт хүч гаргаж, онцгой бүс гэж зарламаар байна. Сайн будаа авахын төлөө олон үйлдвэр өрсөлддөг болсон. Зах зээл нь байна. Муу будаа малын тэжээл л болж байна. Мал аж ахуй, газар тариалан, гурилын үйлдвэр цогцоороо хөгжих учиртай гэлээ.

Өлзийт сум, Чандаганы сангийн аж ахуйн агрономчоор насаараа ажилласан ахмад тариаланч Я.Цэвээн хэлэхдээ,-“О” хувилбар үнэхээр чухал. Шинэ техникүүд 4 үйлдлийг зэрэг хийж байна. Уриншийг намар булдах нь зөв. Хавар ямар ч хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Мөндөрийн зогон болдог талбайг шинэ компани маань сонгож авсан байна. Өөр сайхан талбай зөндөө байгаа гэж зөвлөсөн бол Биндэр сумын Улсын анхны аварга хамт олон-“Амжилт” компаний захирал Ц.Аюурзана, “Усалгаатай тариалан ер хэрэгжихгүй явж ирлээ. Талбайн хайгуул судалгааны ажлын үр дүн яагаад гардаггүй юм бэ. Тариа сүйтгэвэл торгуулийг малын хөлөөр бодоод нэгдсэн журмаар тоо гаргах хэрэгтэй. Хурхын Шар талын сорт сорилтын аж ахуйг дахин сэргээвэл яасан юм бэ? Хурх, Биндэр, Баян-Адаргын бүсэд үнэхээр цавуулаг сайтай үр тарих хэрэгтэй гэлээ.

Хурх тосгоны “Өндөрхаан” ХК-ийн захирал Д.Дорлиг, -Трактор, комбайны эргэлтийн зон дээр малчид өвөлжөөгөө барьчихдаг. Чанартай уринш хийчихэд өвөл малаараа талхлуулчих юм. Аймгийн 90 жил болох гэж байна. Насаараа газар тариаланд зүтгэсэн хүмүүс байхад гавъяаг нь өгөлгүй байсаар бурхны оронд явуулчихаж байна шүү дээ. Мөрөнгийн Нямаа агрономчийг яг л ингэсэн. Ийм хүмүүсээ урамшуулмаар байна гэсэн юм.

Хурх тосгоны Агроимпекс компаний захирал Ч.Пүрвээ, -Манай аймаг 1989 онд нийт 57000 тонн ургац хураан авсан оргил үе байсан юм. Жил жилээр техникийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Дундын агропаркаас гадна инженер мэргэжилтнүүдийн баг ажиллуулах нь чухал. Үрийн аж ахуй байгуулах шийдвэр гараад хэрэгжилгүй өнгөрсөн гэсэн бол ахмад тариаланч Жамъяндорж, аймаг өмнөх жилүүдэд байгуулсан тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө хөрөнгө дээрээ нэмэрлээд шинэчлэлийг эхлэх хэрэгтэй байна. Хурхад улсын хошой аварга тариаланч Д.Гансүх, Г.Ганбаатар нар одоо ч ажиллаж байгаа. Тариаланчдаа урамшуулъя гэв.

Тариаланчдын энэ бүх санал хүсэлтийг сонсоод яамны Б.Одонхүү мэргэжилтэн, -Техник үйлчилгээний дундын төв байгуулаад үр дүн гараагүй. Талбайгаа хашиж хамгаалж, ойжуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах бодлого байгаа гэлээ.

Ийнхүү цагтаа Чандаган САА байхдаа 1984-85 онд ургацын төлөвлөгөөг 140 хувь биелүүлж улсад тэргүүлж байсан газар тариалангийн түүхэн нутаг-Өлзийт тосгонд тариаланчдын зөвлөлгөөн үзүүлэх харуулах юм ихтэй, сайхан дурсамжтай, шинэ технологийн хичээл сургалттай, тариаланчдын халуун яриа ихтэй, зохион байгуулалтын өндөр түвшинд боллоо. Үүнд аймгийн Ерөнхий агрономч Ц.Мөнхзул, тосгоны захирагч Д.Алтаннар гэсэн хоёр бүсгүйн хичээл зүтгэл их байлаа.

Зөвлөлгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга, –Манай аймаг мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлнэ. Тарианд мал ордог явдлыг зогсоохын тулд орон нутгийн зүгээс шийдвэр гаргана. Ургац хураалтын үед цагдаагийн хамгаалалт гаргаж байя. Техникийн шинэчлэл хийхэд Яамтай хамтарч ажиллая, мэргэжлийн агрономч, инженерүүдийн зөвлөх багийг Засаг даргын дэргэд ажиллуулъя. Үрийн нэгдсэн бодлого барьж ажиллана. Нутагтаа тарьсан улаан буудайгаараа үйлдвэрлэсэн гурилаа хэрэглэдэг болъё. Газар тариалангийн шинэчлэлийн бодлогыг цаасан дээр буулгаад орхихгүй бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллахаа илэрхийллээ.

И.БАЙГАЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж