Мянганы сорилтын корпорацийнхан Монголд

Хуучирсан мэдээ: 2013.04.29-нд нийтлэгдсэн

Мянганы сорилтын корпорацийнхан Монголд

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөлийн гишүүн Лорн В.Кранер,  Мортон Х.Халперин нар Монголын  Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ажил байдалтай танилцаж төслийн үр шим хүртэгчидтэй уулзалт хийлээ.

Монголын Мянганы сорилтын сан нийт зургаан төсөл хэрэгжүүлдэг.  Мэргэжлийн боловсрол сургалтын төслөөс  Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчид ажлаа эхэллээ. Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн үр шимийг  өндөр цалинтай, өндөр технологи эзэмшсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь тавьж чадсанаар үнэлж байна. Мөн ганцхан сургуулиар жишээ авахад  Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр- Урлалын политехник коллеж гэхэд л жилд 520 төгсөгчдөөс нь 65 хувь  нь ажлын байртай болж байгаа судалгаа байна. Тэгвэл Цэвэр агаар төсөл 100 мянган айл өрхийг хамарсан. Эдгээр өрхүүдийн нэг төлөөлөл болох Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн А.Өсөхбаярынд Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчид  зочиллоо. Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн  ашигласнаар түлшний хэрэглээ  болоод яндангаас гарах утаа нь энгийн зуухтай харьцуулахад буурсан байна. Харин Хөрөнгийн эрхийн төслийн хувьд ганцхан ажлаар нь жишээ авахад улсын хэмжээнд 90 гаруй мянган хашааны газарт нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж 60 гаруй мянгыг нь хийгээд байна. Энэ ажлын үр дүнд газрын зөрчил маргааныг шийдэх үнэн бодиттой мэдээллийн сан бүрдүүлэн төрийн байгууллагад хүлээлгэн өгнө. Зөвхөн нийслэлд гэхэд л Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 44 мянган хашааны газрын эрхийн бүртгэлийг баталгаажуулах юм.

Монголын мянганы сорилтын сангийн Автозамын төслийн хувьд Чойр-Сайншандын чиглэлийн 176,4 км авто  замын ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ бол урд хойд хөршийг засмал замаар холбож ачаа тээврийн эргэлт нэмэгдэж,   эдийн засгийн өсөлтийг хангах боломжийг нээж байгаагаараа төслийн ач холбогдол оршиж байна. Харин Эрүүл мэндийн төслийн хувьд монголчуудын нас баралт болон өвчлөлийн үндсэн гол шалтгаан болж буй халдварт бус өвчин, осол гэмтлийн эсрэг  ЗГ-ын бодлого болон үндэсний хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор хэрэгжиж байна. Төслийн хүрээнд халдварт бус өвчний эрт илрүүлгийн тогтолцоог Монгол улсад бүрдүүлж шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмжийг бэлтгэж хангаад байна. 

Бэлчээрийг гэрээгээр урт хугацаагаар малчидад ашиглуулж болдогийн баталгаа, үлгэр жишээ болж чадсан ажлыг  Хот орчмын бэлчээрийн төслийнхөн амжуулжээ. Энэ бол Монголдоо анхдагч болсон  үр дүн гэдгийг малчдын төлөөлөл болоод салбарын яамны мэргэжилтнүүд Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидөд танилцууллаа.  АНУ-ын буцалтгүй тусламжийг нийгэм эдийн засгийн хамгийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт болгон зарцуулах шийдвэрийг иргэд олон нийтийн санал  бодолд  тулгуурлан  монголын төр засаг гаргасан. Тиймээс ч 2008 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа эдгээр төслүүд тогтвортой хөгжлийн үндсийг тавихад үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлж болно.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөлийн гишүүд бүтэн өдрийн ажлын төлөвлөгөөгөөрөө Үйлдвэр- Урлалын политехник коллеж мөн Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн А.Өсөхбаярынд зочилж, Эрх чөлөөний талбайд зохион байгуулсан Газар өмчлөл эрхийн бүртгэлийн арга хэмжээнд оролцож, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны “Дотны туслагч” өрхийн эмнэлэг, мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төлөөлөлтөй уулзалт хийлээ.

Монголын Мянганы сорилтын сан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж