Олон улсын энхийн хүрээлэн (International Peace Institution- IPI) нь бие даасан, ашгийн бус судалгааны хүрээлэн бөгөөд тус хүрээлэнгийн захирлуудын Зөвлөлийн хүндэт даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ажилладаг ажээ.
ОУЭХ нь олон талт механизмыг бэхжүүлэх замаар зөрчил мөргөөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, зогсоох үйл ажиллагааг дэмждэг. Чингэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй глобал асуудлууд, шинээр гарч болзошгүй сорилт, хямрал, мөргөлдөөн, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цаашдын төлөв хандлагыг тодорхойлох зэрэг чиглэлээр гүнзгий судалгаа хийж, анализ, дүгнэлт гаргах, тулгарч буй сорилтыг хэрхэн шийдвэрлэх талаар улс орнуудад бодлогын зөвлөмж өгч дэмжлэг үзүүлдэг.
Уулзалтын үеэр Монгол Улс, ОУЭХ-гийн хооронд байгуулж буй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОУЭХ-гээс Монгол Улсын НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмтай хамтран ажиллах чадавхийг нэмэгдүүлэх, ардчилал ба сонгуулийг хэлэлцдэг олон улсын хурал чуулгануудтай түншийн харилцаагаа бэхжүүлэх, энх тайван, аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж, хурал уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах зэрэг ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажээ.