УИХ-ын дарга ноён Токаевтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга ноён Токаевтай уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс өмнө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын VII Бага хуралд оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-ын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим Жомарт Токаевыг Төрийн ордон дахь албан тасалгаандаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлөн оролцож буйд ноён Кассим Жомарт Токаевт талархал илэрхийлэнгээ Казахстаны Парламентын Сенатын дарга асан, улс төрийн арвин туршлагатай (Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд асан), уламжлалт найрсаг харилцаат Казакстаны иргэн К.Токаевтай уулзан танилцаж байгаадаа баяртай байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон дэвшүүлсний дээр 2012 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан “Ардчиллын төлөө боловсрол” тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид ч НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр бас Зүүн хойд Азид нөхцөл байдал ихээхэн хурцдаж буйд Монгол Улс сэтгэл зовниж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг мэдэгдэж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусаа цаашид ч бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, хүрээлэн буй орчин, мэдээлэл, хүний аюулгүй байдал зэрэг асуудлаар НҮБ, цөмийн зэвсэг бүхий 5 гүрэн болон гишүүн бусад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүний сацуу УИХ-ын дарга Женевт явагддаг Зэвсэг Хураах Бага хурлын (ЗХБХ) үйл ажиллагааг мухардмал байдлаас гаргах талаар К.Токаевын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа дурдаад Монгол Улс хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад ихээхэн анхаарч, 2015 оны Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйг ноён Токаевт дуулгалаа.

УИХ-ын дарга уулзалтын явцад НҮБ-ын систем, төрөлжсөн байгууллагуудад монгол иргэдийг ажиллуулахад дэмжлэг хүсэхийн ялдамд Ерөнхий захирал К.Токаевын ажлыг Монголд Улс цаашид ч дэмжинэ хэмээн мэдэгдэв. Тэрбээр бас саяхан АНУ, Канадад айлчлах үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзахдаа ярилцсан зүйлээсээ далайд гарцгүй орнуудын асуудлыг онцлон дурдаж, дэлхийн 160 гаруй орон нэгдсэн НҮБ-ын Далайн эрхзүйн конвенци зохих ёсоор ажиллаж чадвал далайд гарцгүй Монгол зэрэг орнуудад учирдаг бэрхшээл ихээхэн хөнгөрөх учиртайг тэмдэглэв.

Ноён К.Ж. Токаев ардчиллын түүхэн дэх томоохон үйл явдал болох энэхүү хуралд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд өөрийг нь хүндэтгэн хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархлаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс ардчиллын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын парламентын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цөмийн зэвсэггүй статусын төлөө санаачилгатай ажиллаж буйг НҮБ-ын зүгээс сайшаан дэмжиж, өндөр үнэлж байдгийг тэмдэглээд 2014 онд болох далайд гарцгүй орнуудын асуудлаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай хурлаар Монгол шиг далайд гарцгүй орнуудын асуудлыг нухацтай хэлэлцэн нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж