Аялал жуулчлалын салбарт Коста Рикатай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарт Коста Рикатай хамтарна

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хуралд хүндэт зочноор оролцон Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Коста Рика Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Алфио Месенд өчигдөр бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Л.Болд ардчилал, парламентын засаглалын олон жилийн түүхтэйгээрээ Латин Америкийн бүс нутагт нэр хүндтэй Коста Рика Улсад Монголын ардчилагчдыг төлөөлөн 20-иод жилийн өмнө зочилж, ардчиллын талаар туршлага судалж байснаа дурсан Улаанбаатар хотноо зохиогдож буй Сайд нарын бага хуралд өндөр хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлэв. Манай хоёр улс НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Латин Америкийн орнуудын форум зэрэг олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ дэмжин хамтран ажиллаж ирснийг мөн онцлон тэмдэглэв.

А.Месен Сайд нарын бага хуралд оролцох завшааныг ашиглан Монгол Улсад айлчилж буйдаа сэтгэл нэн өндөр байна гээд хоёр орон газар зүйн хувьд алслагдсан хэдий ч олон улсын байгууллагуудын хүрээнд байнга бие биенээ дэмжиж ирснийг дурдаж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах замаар харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Тэрбээр Л.Болдыг Гадаад харилцааны сайдын хувиар Коста Рика Улсад дахин зочлохыг урив.

А.Месен айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан УИХ-ын даргатай оройн зоог барихаас гадна хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой салбарын сайд нартай уулзах юм.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж