Авлигын тэмцлийг дээд төвшний цагаан захтнуудаас эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Авлигын тэмцлийг дээд төвшний цагаан захтнуудаас эхлүүлжээ

Ардчиллын төлөөх парламентчдын форумын “Чадавх бүрдүүлэх болон ирээдүйн хамтын ажиллагаа” сэдэвт 3 дугаар хуралдаанд Киргиз Улсын парламентын гишүүн, хатагтай Майрамкул Тиленчив илтгэл тавилаа.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй АОХН-ийн Сайд нарын VII бага хурал маш амжилттай болж, ардчиллын хэм хэмжээг тогтоох, ядуурал, авлигатай тэмцэх зэрэг чухал сэдвүүдийг хөндөж байгааг хатагтай Майрамкул Тиленчив онцолсон юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Бидний зам амар байсангүй. Авлигын томоохон бэрхшээл байлаа. Ойрын ирээдүйд авлигатай тэмцэх тэмцлийг дээд түвшний цагаан захтнуудаас эхлүүлсэн. Авлигатай тэмцэх тодорхой арга хэмжээг батлуулж чадсанаар үр дүнд хүрч хэд хэдэн томоохон авилгачдыг баривчилсан. Шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж, авилгатай нийтээр тэмцэх тэмцлийг засаглалын бүх түвшинд хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалтыг татах, үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлснээр тодорхой амжилтад хүрлээ. Энэхүү хүрсэн түвшнийхээ эрч хүчээ цаашид алдахгүй явах болно.” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Европын парламентын төлөөлөгч хэлсэн үгэндээ, “Өнөөдөр үг хэлсэн хүмүүсийн ярианд авлигатай холбоотой асуудлууд ихээр яригдлаа. Авлига бол гинжин сүлжээ. Авлигатай тэмцэх асуудлууд Европын Холбоонд ч байгаа. Европын Холбооны хувьд дэлхийн эдийн засгийн хямралыг янз бүрээр илэрхийлж байна. Европын Холбооны өгсөн мөнгийг тэр бүр үр дүнтэй зарцуулахгүй байна гэдэг. Жишээ нь, Киприйн асуудлыг энд дурдах нь зүйтэй. Ялангуяа татвараас зайлсхийх гэсэн асуудлууд их байдаг. Европын Холбооны хувьд хийх зүйл их байгаа ч та бүхний туршлагаас суралцах зүйл их байна” гэсэн юм.

Үүгээр 3 дугаар хуралдаан өндөрлөж, дараа нь Ардчиллын төлөөх парламентчдын форумын Удирдах зөвлөл хуралдлаа.

Ардчиллын төлөөх парламентчдын форум маргааш 9.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд үргэлжилнэ.

Эх сурвалж: www.open.parliament.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж