Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII Бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын үдээс хойшхи хуралдаан авилгатай тэмцэх үндсэн сэдвийн хүрээнд “Чадавхи бүрдүүлэх болон ирээдүйн хамтын ажиллагаа”-ны асуудлаар өрнөж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд даргалж байна. Хуралдаанд Олон улсын авлигатай тэмцэх академийг төлөөлж Мартин Креутнер, Киргиз улсын Парламентын гишүүн хатагтай Майрамкул Тиленчив, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд нар илтгэл тавих юм.
Олон улсын авлигатай тэмцэх академийг төлөөлөн оролцож байгаа ноён Мартин Креутнер академийг төлөөлөн энэ хуралд оролцож байгаадаа баяртай байна гээд Олон улсын авлигатай тэмцэх академи нь Европын хүрээнд байгуулагдаад хоёр жил гаруй болж байгаа байгууллага. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцахаар ирээд байна гэв. Ноён Мартин Креутнер хэлэхдээ, эрх тэгш байдал, хуулийг дээдлэн сахих, ил тод байх зэрэг нь нийтлэг дагаж мөрдөх ёстой зарчмууд боловч түүний эсрэг эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг сөрөг үзэгдэл нийтлэг болох хандлагатай байгаатай эвлэрч болшгүй юм гээд парламентын гишүүд нэг талаас хууль боловсруулах, нөгөө талаас гүйцэтгэх засаглалд хяналт тавих үүрэгтэй ажилладаг. Гэтэл хяналт хийж байгаа хүнд хэн хяналт тавих вэ гэдэг асуулт гарч ирж байна. Авлига дэлхийн хэмжээнд ямар байгаа талаар хүмүүсээс асуух юм бол тэдний 80 хувь нь авлига бол улс төрийн намуудтай холбоотой, харин 78 хувь нь парламентын гишүүдтэй холбоотой гэж хариулна. Үүнд үнэний хувь байгаа гэдгийг бид мэдэж байх ёстой. Европын Холбооны улсуудын хүрээнд парламентын гишүүн болох зорилгын цаана шүүхээс хамгаалалттай байх санаа агуулагдаж байдаг гэж хүмүүс ярьдаг. Гэтэл харин парламентын гишүүд, сайд нар авлигатай тэмцэх үйл хэргийг тэргүүлэн явах ёстой юм.
Ил тод байдал, хариуцлагатай байдал, шүүх болон авлигатай тэмцэх байгууллага хараат бус үйл ажиллагаатай байх зэрэг зарчмууд нь Европын Холбооны конвенцид тусгагдсан байдагчлан бид ардчиллын тухай ярихдаа зардлын тухай ярихгүй байж болохгүй юм. Зардлын механизмыг хэрхэн бүрдүүлэх, санхүүжилтын асуудал зэрэг нь ардчиллыг хөгжүүлэхэд маш чухал.
Авлигатай тэмцэх үйл ажиллагааны сөрөг туршлагын талаар бид бас ярих ёстой. Энэ тухайд Энэтхэг улсын жишээ, тэнд авлига цэцэглэж байгаа тухай маш их яригддаг.
Ардчиллыг хөгжүүлэх явц нь цаг хугацаа ихээр шаарддаг, тиймээс урт хугацаанд тууштай байх чадвар бидэнд хэрэгтэй. Жишээ нь, хүний эрхийн төлөө тэмцэл 200 гаруй жилийн түүхтэй. Гэтэл авлигатай тэмцэх үйл хэрэг харьцангуй залуу, 15-20 жилийг түүхийг туулж явна гэлээ.
Тэрээр үгийнхээ төгсгөлд, үүнээс илүү урт хугацаанд хамтран ажиллаж байж, бид ардчиллыг хамгаалах чухал хүчин зүйл болох авлигатай тэмцэх үйл хэрэгтээ амжилт гаргах болно. Энэ үйлсэд НҮБ-ын гишүүн орнуудыг нэгдэхийг уриалж байна гэлээ.