Тэрээр илтгэлдээ, засаглалд парламентын зүгээс хяналт тавих механизмыг ямар хэлбэрээр явуулах нь өнөөдөр ихээхэн чухал асуудал болоод байна. Манай улсын тухайд иргэний шууд ардчиллын хэлбэрийг гол болгож, Ерөнхийлөгчийн санаачлагаар иргэний танхимууд байгуулагдан олон нийтийн дуу хоолойг сонсож, шийдвэр гаргахад тэдний оролцоог чухалчилдаг болсон. Мөн тодорхой асуудлаар парламентын түр хороо байгуулан ажиллаж хуулийн хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээ авч байна. Тухайлахад уул уурхайн лицензтэй холбоотой асуудалд хяналт тавих түр хороо байгуулахаар шийдвэрлэсэн.
Бид ардчиллыг төлөвшүүлэх талаар ахиц амжилттай яваа ч гэсэн бусдын туршлага бас чухал юм. Иймээс хяналтын тогтолцоог боловсронгуй, үр дүнтэй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Хар тамхи, хүн худалдаалах болон зохион байгуулалттай гэмт хэрэг гарч, хүний эрх зөрчигдсөөр байгаад бид зохих дүгнэлт, дүн шилжилгээ хийх ёстой гэдгийг онцлов.
Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч ноён Эмануэлис Зингерис чуулга уулзалтын хоёрдугаар нэгдсэн хуралдаанд илтгэл тавьсан гурван илтгэгчид талархал илэрхийлээд сүүлийн найман жилд авлигатай тэмцэх талаар маш их хүчин чармайлт гаргаж амжилтад хүрсэн Гүржийн шинэ парламент, Засгийн газарт талархал илэрхийлэх хүсэлтэй байгаагаа хэлэв.
Мөн хуралдаанд илтгэл тавьсан Мексикийн төлөөлөгч хатагтай Адриана Гонзалес тус улсын шинэ парламентад одоогоор Ёс зүйн дэд хороо байгуулагдаагүй байгаа. Урьд нь байсан дэд хороо арван жилд ганцхан удаа хуралдсан байдаг. Мөн парламентын гишүүдийн Ёс зүйн кодексийг батлах гэж олон удаа оролдсон боловч одоо болтол баталж чадаагүй байгаа. Тиймээс ил тод байдлын үүднээс асуудалд хандах нь чухал болов уу гэсэн санаа хэллээ.
Харин хуралдааныг даргалагч Итали улсын төлөөлөгч Маттео Мекаси УИХ-ын гишүүн М.Батчимэгийн илтгэлтэй холбогдуулан парламентын гишүүний Ёс зүйн дэд хороо хэрхэн төлөвшиж байгааг яаж үнэлэх талаар тодруулахыг хүссэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ёс зүйн дэд хороо үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд парламент дахь олон намын төлөөллөөс бүрдсэн байх нь чухал. Түүнчлэн гишүүдийн хүйсийн болон ахмад, залуучуудын төлөөллийг хангасан байх, мөн сайн дүрэм журамтай байх ёстой. Манай дэд хорооны хувьд 2010 онд дүрмээ баталсан, саяхан дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Хорооны гишүүд хариуцлагаа хэр ухамсарласан байдал, ба олон нийтийн итгэл, дэмжлэг ч чухал гэж боддог. Ёс зүйн алдаа гаргасан гэж гишүүдээ шийтгэх нь гол биш ёс бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх нь дэд хорооны гол үүрэг гэж үздэг” гэсэн хариулт өгөв.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү аливаа улс орнууд, ялангуяа парламентын түвшинд авлигатай тууштай тэмцэхийн тулд аль болох улс төрийн оролцоо, хуулийн байгууллага хоёрыг тусад нь, байр байранд нь байлгах нь чухал гэдгийг хэлсэн бол Ливийн Үндэсний конгрессын төлөөлөгч Або Абдаллах тэвчишгүй харгис дэглэм, харанхуй үеийг даван туулсан Ливийн ард түмэн шинэ парламентаа байгуулж, Засгийн газраа бүрдүүлж, одоо шинэ Үндсэн хуулиа боловсруулж буйг хэлээд ардчиллын туршлагаас суралцах боломж олгосон Монголын парламент, Засгийн газарт талархал илэрхийлэв.
Үүгээр “Ёс зүй болон хяналт” сэдэвт хоёрдугаар хуралдаан өндөрлөлөө. Ардчиллын төлөөх парламентчдын чуулга уулзалтад оролцогсод дараа нь “Чадавхи бүрдүүлэх болон ирээдүй хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.