Бизнесийн ардчилал авлигыг тасална

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Бизнесийн ардчилал авлигыг тасална

Энэ бол Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын бага хурлын хүрээнд яригдаж буй нэгэн сэдэв юм. Өнөөдөр дээрх хурлын хүрээнд Бизнесийн ардчилал чуулга уулзалт МҮХАҮТ-ын байранд болж байна. АОХН хэмээх тус хөдөлгөөний үйл ажиллагааг хөрсөнд буулгах, хүмүүст хүргэх хэд хэдэн механизм байдгийн нэг Бизнесийн чуулга уулзалт юм байна.

“Бизнесийн ардчилал” гэх асуудал нь АОХН-ийн зорилгын нэг гэж ойлгож болох аж. Учир нь ардчиллын гол тулгуурын нэг зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн баялгийг бүтээх үүрэг хувийн хэвшил, бизнесийнхний нуруун дээр тогтдог. Тийм учраас ардчилал тунгалаг байх эсэх нь хувийн хэвшил хээл хахууль, хүнд суртлын дарамтаас ангид байж чадах эсэхээр хэмжигддэг гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, аливаа бизнес төрийн дарамтгүй, хээх хахуульгүйгээр эрүүл хөгжих нь ардчилал бат бэх оршихын үндэс гэсэн үг.

АОХН-ийн бага хурлын бизнесийн чуулга уулзалтын үеэр Монгол дахь бизнес, төр хувийн хэвшлийн харилцаа, ил тод байдал, авлигын эсрэг санаачилгууд, компанийн нийгмийн хариуцлагын асуудлыг хөндөж буй. Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл удирдаж байгаа бөгөөд Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, Олон улсын хувийн үйлдвэрийн төвийн бүс нутгийн захирал ноён Эндрю Уилсон, ХААН банкны гүйцэтгэх захирал ноён Норихико Като нар илтгэл тавьж, энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг чуулган уулзалт өнөөдөртөө өндөрлөж, “Бизнесийн ардчиллын чуулга уулзалтын тунхаглал”-ыг гаргах юм.

Төр засаг бизнесийн салбарыг дэмжих бус, хавчиж дарамтлах тохиолдолд дэлхийн хэмжээнд гарсаар байгаа асуудал. Энэ нь авлига орших хөрс суурь болж байна гэж АОХН-ийн гишүүн орнууд үзэж, бизнес эрхлэгчид авлигатай тэмцэхэд хэрхэн оролцох талаар энэ удаагийн тунхагтаа тусгахыг зорьж буй юм. Мөн төр засаг, бизнесийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах, ардчилал, ядуурлын харилцан хамаарлын талаарх ойлголтыг дээшлүүлэх, үндэсний хэмжээнд бизнесийн стандарт, зарчмуудыг мөрдөж ажиллах талаар ярилцаж, тодорхой зөвлөмж, шийдвэрийг ч тунхагийн хүрээнд санал болгох аж. Монголын хувьд өнөөдөр нийгмийн баялаг бүтээгч хувийн хэвшлийнхэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж, татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байна.

 З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж