АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүнийхээ хувиар бэлгэнд авсан эд зүйлсээ саяхан бүртгүүлж, хадгалуулсан байна. Хамгийн сонирхолтой нь тэрбээр олон улсын удирдагчдаас авсан тэр олон зуун бэлэг дотроос зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгсөн номыг өөртөө авч үлдэхийг хүссэн тухай CNN-д мэдээлжээ.
Барак Обамагийн гэр бүл нийт 243 мянган ам.долларын бэлэг дурсгалын зүйл хүлээн авсан байна. Үүний дотор Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн өгсөн 7750 ам.долларын үнэтэй гольфийн хэрэгсэл, БНХАУ-ын удирдагч асан Ху Жинтаогийн 9800 ам.долларын үнэ бүхий хүрэл баримал, Бразилийн Рио Де Жанейро мужийн захирагч Сержио Кабралын 40 мянган ам.долларын үнэтэй зураг, Филиппинийн Элчин сайдын өгсөн 1060 ам.долларын хулсан унадаг дугуй гэх мэт эд зүйлс байв. Мөн Николя Саркози, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мен Бак нарын бэлэг зонхилж байв.
Эдгээрийн дотроос Цагаан ордны тэргүүн зөвхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бэлэглэсэн, монголч эрдэмтэн Жак Уэтерфордын туурвисан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” хэмээх номыг хадгалж үлдэхээр шийдсэн байна.