“Никитон” хамтлаг энэ сарын 25-нд “iLoft function house”-д “Үүлэн үст” цомгийн нээлтээ хийж, тэнд хүрэлцэн ирсэн фенүүддээ “Үүлэн үст” дууныхаа клипийг хүргэсэн юм. Нээлтийн үеэр цомгийн клипүүдийг олон нийтийн хүртээл болгох онцгой эрхийг зөвхөн “Боловсрол суваг” телевиз эзэмших болсныг зарласан. “Никитон” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Б.Батчулууны хөгжим, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюушийн шүлэг “Үүлэн үст” дууны клипийг “On`n Off” продакшны уран бүтээлчид бүтээсэн юм. Учрах тавилантай хосууд гэдэг аль ч цаг үед төөрөг тавилангаараа учирдаг гэдгийг харуулахыг зорьсон нь “Үүлэн үст” дууны клипний гол өгүүлэмж гэнэ. Есөн минутын турш үргэлжлэх энэхүү клипэнд 1900, 1930, 1970 он, орчин цаг гэсэн дөрвөн үеийн төлөөл болсон залуусын хайр дурлалын тухай өгүүлдэг бөгөөд жүжигчин Т.Билэгжаргал, залуу жүжигчин н.Цэцэгээ, СУИС-ийн оюутан н.Мишээл, гитарчин, дууны найруулагч н.Мөнх-Оргил нар тогложээ.
Цомгийн нээлтэд хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэн болон фенүүд нь халуун алга ташилт, сэтгэл ханамжтайгаар хүлээн авсан “Үүлэн үст” дууны клипийг дөрөвдүгээр сарын 28-нд буюу маргааш 20.00 цагт “Боловсрол суваг” телевизээр анх удаа үзэгчдийн хүртээл болгох юм. Цаашид “Боловсрол суваг” телевиз болон “Movie Box”, “Sport box” сувгаар тус дууны клипийг оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр цацах ажээ.