Ёс зүй нь ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Ёс зүй нь ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-АОХН-ийн бүлгийн дарга М.Батчимэг “Ёс зүй болон хяналт” сэдэвт Парламентчдын чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ чухал сэдэв хөндөж байгааг онцлоод “Ёс зүй гэдэг нь өргөн цар хүрээтэй асуудал. Өөрөөр хэлбэл, ёс зүй сахина гэдэг хуулийг дээдлэх асуудал юм” гэлээ.

Түүнчлэн парламентын гишүүний ёс зүй нь ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн онцоллоо. Ёс зүйн асуудалд авлигатай тэмцэх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлууд хамрагддаг байна. УИХ-ын гишүүн М.Батчимэг олон улсын парламентын гишүүд авлигын эсрэг ажиллаж, жилээс жилд илүү ёс зүйтэй болж байгаа нь таатай хэрэг хэмээн илтгэлдээ мөн онцолсон. Тэрбээр “Польш улс парламентдаа ёс зүйн хороотой болсон гэж сонссон. Мөн өнгөрсөн жил Киргизд парламентын гишүүний ёс зүйтэй холбоотой хууль, журам батласан гэж дуулсан. Энэ талаарх туршлагаа бидэнтэй хуваалцана гэдэгт найдаж байна. Ер нь олон улсын  парламентын байгууллагууд гишүүний ёс зүйтэй холбоотой хууль баталж ёс зүйн хэм хэмжээг тогтоож, авлигатай тэмцэх академи байгуулж ажиллаж байгаа нь сайшаалтай. Энэ хуралдаанаар парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирхаас гадна ёс зүйн талаар харилцан туршлага солилцох, тодорхой өөрчлөлтийг бий болгоход чухал ач холбогдолтой” гэсэн юм..

Манай улсын парламентын хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Ёс зүйн дэд хороо байгуулж, найман гишүүнтэйгээр ажиллахдаа парламентын гишүүний ёс зүйн асуудлаар ажиллах үүрэг хүлээсэн. Энэ дэд хороо түүхэндээ 3 удаа хуралдсан байна. Саяхан УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаад дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэлэлцсэн гэдгийг М.Батчимэг гишүүн дурдаад  УИХ-ын дэд даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргаад байгаа талаар ярилаа.

Эх сурвалж: http://open.parliament.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж