
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Засгийн газраас хэд хэд томоохон зорилт тавьсан. Үүний нэг нь “Нэг цэгийн үйлчилгээний төв” юм. Монголын Засгийн газар Швейцарийн Засгийн газартай гэрээ байгуулж, тус улсын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд 35 төв байгуулсан бөгөөд эдгээр төвүүд нь давхардсан тоогоор 3 сая 800 мянга гаруй иргэнд хөдөлмөр, нийгмийн халамж, нийгмийн даатгал, иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, нотариат, банк санхүүгийн зэрэг үйлчилгээ үзүүлээд байгаа талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Иргэдийн дэмжиж, талархаж байгаа энэ үйлчилгээг 6 сум, 4 хороонд шинээр байгуулж, 2 аймагт явуулын “Нэг цонхны үйлчилгээ” ажиллуулахаар шийдвэрлэж, үүнд шаардагдах хөрөнгийн 40 хүртлэх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг холбогдох аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Архангайн Жаргалант, Дорноговийн Замын-Үүд, Завханы Тосонцэнгэл, Увсын Тэс, Ховдын Үенч, Хөвсгөлийн Тариалан суманд, нийслэлийн Баянгол дүүргийн 22, Чингэлтэйн 16 дугаар хороонд “Нэг цэгийн үйлчилгээгний төв”-ийг тус тус нэмж байгуулахаар шийдвэрлэлээ.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг түргэсгэх талаар дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
“Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэхэд Монголын талыг төлөөлөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа. БНХАУ-ын “Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж ашиглах эрх авахад шаардагдах Монголын талын хөрөнгийг Монгол банк, Зам, тээврийн яам хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэнэ.
Монгол Улсын хилийн боомтууд болон БНХАУ-ын Тяньжин боомтын хооронд төмөр зам болон авто замын тээвэрлэлтийн нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн тарифийн асуудал, дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон хэлбэрийн талаар Хятадын талтай гэрээ, хэлцэл хийхийг Зам, тээврийн сайдад даалгалаа.
Манай улсаас далайд гарах хамгийн дөт гарц нь Тяньжин боомт юм. Өнөөдрийн байдлаар манай улсын экспорт, импортын чингэлэгт барааны 70 гаруй хувь нь тус боомтоор дамжин өнгөрдөг байна.
ТОВЧ МЭДЭЭ:
- 2013 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4100 тонн улаан буудайн үр гаргана. Нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр худалдана.
- “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн ажлын төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 150 мянган хүний ажлын байр бий болгох зорилт тавьж байна.
- Цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олголоо.
- УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлан боловсруулсан “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.