Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Э.Б.Абдылдаевыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Улаанбаатар хотноо болж буй АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд, мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орны хувьд Монгол Улсын зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд Киргизийн тал идэвхтэй оролцож байгаад Киргизийн Гадаад хэргийн сайд Э.Абдылдаевт хувиасаа болон Засгийн газрынхаа өмнөөс талархал илэрхийлэв.
2012 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлал, Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 2012 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Киргизийн орчин цагийн харилцааг хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг болон сүүлийн үед улс төрийн яриа, хэлэлцээ эрчимтэй хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд нар хоёр талын болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцож, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрт Киргиз улс нэгдэж орно гэж найдаж байгааг Монголын тал илэрхийлэв.