Хурлаар ардчиллын үйл хэрэгт залуусын оролцоо, ардчиллын боловсролыг залууст хэрхэн түгээх талаар олон улсын төлөөлөл санал бодлоо солилцох ажээ. “Би Пакистан улсаас ирсэн. Манай улс цэргийн хагас дэглэмтэй орон. Хүний эрх хязгаарлагдмал, эмэгтэйчүүдийн эрх ч тэр бүр хангагдаагүй. Гэхдээ Пакистаны залуучууд ардчиллын үнэ цэнийг ойлгож, мэдэрч эхэлж байна. Бид нэг л зүйлийг сайн ойлгосон. Хүний эрхийн тухай тодорхой ойлголтгүй бол ардчиллын тухай яриад ч хэрэггүй юм байна лээ. Хэдийгээр бидэнд эрх чөлөө, ардчилал бүрэн утгаараа ирээгүй ч Пакистаны шинэ үе ардчиллын тухай ойлголтыг мэдэрч байгаа” гэж Пакистаны залуу эмэгтэйчүүдийн хөдөлгөөний зохицуулагч Авэр Гёрлс ярьсан юм. Залуусын чуулга уулзалтын бүгд хуралдаан “Активизмд оролцох нь: Мэдлэг болон эрмэлзлэлийн залгамж чанар” сэдвээр үргэлжлэх аж. Харин залуусын чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгүүд 15:30-17:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Мөн энэ үеэр Монголын хүүхдийн ордны гадаа АОХН-ийн сайд нарын хурлыг зохион байгуулж байгааг эсэргүүцэн МАХН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Тэдний зүгээс Монголд ардчилал, хүний эрхийн тогтолцоо байхгүй, улстөрийн хэлмэгдүүлэлт одоо ч гэсэн өрнөж байгаа гэж үзэж байгаа аж.
АОХН-ийн чуулга уулзалтууд маргаашийн 10:15 цаг хүртэл үргэлжилж, Сайд нарын бага хуралд танилцуулах зөвлөмж боловсруулах юм.
Зургийг ЭНД дарж үзнэ үү.