Парламентчид авлигатай тэмцэх талаар санал хуваалцав

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Парламентчид авлигатай тэмцэх талаар санал хуваалцав

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ. Энэхүү бага хурлын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ардчиллын төлөөх парламентчдын форум” Төрийн ордны Б танхимд үргэлжилж байна.

Чуулга уулзалтыг “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын Ерөнхийлөгч ноён Эмануэлис Зингерис удирдан явуулж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулга уулзалтын нээлт дээр чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэж, Монгол оронд тавтай сайхан морилохыг хүсэн ерөөгөөд энэ удаагийн Парламентчдын чуулганаар авилгатай тэмцэх үндсэн сэдвийн хүрээнд парламентын ёс зүйг дээшлүүлэх, парламентын хяналт, авилгатай тэмцэх чадавхийг бэхжүүлэх болон хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцсэн асуудлаар төгсгөлийн баримт бичгийг баталж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд зөвлөмж болгож хүргүүлнэ гэдгийг онцолсон юм.

Мөн Финлянд Улсын Хууль зүйн сайд хатагтай Анна Маяа Хенриксон хэлсэн үгэндээ, хөгжингүй улс орнуудад авлигатай тэмцэх үйл явцад парламентчдын үүрэг оролцоо чухал хэмээн хэлсэн эрхэм Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой санал нэг байна гээд мөн ардчиллын боловсролыг хөгжүүлэх нь чухал учир хүүхдүүдийг энэ чиглэлд бага наснаас нь төлөвшүүлэхэд анхаарч, нийгмийн идэвхтэй гишүүн болж өсөх, мөн ардчиллыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд, нийгмийн бусад бүлгийн оролцоог хангахад анхаарч, улс орнууд энэ чиглэлээр тэргүүн туршлагаа солилцож, харилцан суралцаж байх нь чухал болохыг тэмдэглэсэн юм.

Парламентчдын чуулга уулзалтад “Ардчиллын төлөөх парламентчдын форум”-ын Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Олон улсын ил тод байдал байгууллагыг төлөөлөн ноён Срирак Плипат, Авлигын эсрэг парламентчдын олон улсын байгууллагыг төлөөлж ноён Будиман Суджатмило, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Чуулга уулзалтад оролцсон орон орны парламентын гишүүд авлигын эсрэг хэрхэн тэмцэх талаар арга туршлага, санал бодлоо хуваалцаж ярилцлаа.

Парламентын чуулга уулзалтад оролцогсод үдээс хойш “Ёс зүй болон хяналт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Эх сурвалж: http://open.parliament.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж