Гитлерийн амталгааны тогооч нууцаа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Гитлерийн амталгааны тогооч нууцаа дэлгэв

Германы иргэн Маргот Уоэлк гэгч саяхан 95 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснийхээ дараа олон жил нууцалсан нууцаа дэлгэжээ. Тэрбээр дэлхийн II дайны үед Адольф Гитлерийн амталгааны тогооч байсан бөгөөд энэ тухайгаа нөхөртөө ч хэлэлгүй өдийг хүрчээ. Уоэлк тухайн үед Гитлерийн амталгааны тогоочоор хоёр жил хагас ажилласан 15 бүсгүйн нэг байсан гэнэ. 

Дэлхийн II дайны шувтаргаар Польш дахь өндөр харуул хяналттай, дээд командлалын нууц байр, “Чонын үүр”-т тэдгээр бүсгүйчүүд Гитлерийн хоолыг хордуулсан эсэхийг шалгах үүрэгтэй ажиллаж байсан гэнэ.

Уоэлк “Гитлер цагаан хоолтон байсан. Би л лав тэнд байх хугацаандаа түүнийг мах идэж байхыг огт хараагүй. Англичууд өөрийг нь хордуулах вий гэхээс Гитлер их айдаг байсан. Тиймээс л тэр хоол нь хортой эсэхийг шалгуулах гэж 15 бүсгүйг аваачсан” хэмээн фашист удирдагчийн талаар ярьжээ.

Хоол хүнсний хомсдолд орсон, дайны жилүүдэд Гитлерийн амталгааны тогооч болох том аз завшаан байжээ. Тэрбээр “Түүнд маш амттай, ногоо ихтэй хоол хийж өгдөг байсан. Бас хачирт нь цагаан будаа, гоймон байнга ирнэ. Гэвч хоолонд хор хийсэн байх вий гэдэг айдас биднээс салаагүй. Бид хоолыг хордуулсан гэх цуурхлыг мэддэг байсан ч хэзээ ч тайван хооллож байгаагүй. Бид хоол идэх бүрдээ энэ бидний сүүлчийн хоол ч байж магадгүй гэж боддог байсан” хэмээн ярьжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж