IPC буюу Дэлхийн пара хөнгөн атлетикийн холбооны ДАШТ-ний эрх олгох “Гран при” тэмцээнээс Монголын пара хөнгөн атлетикийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус тус хоёрыг хүртлээ. Дөрөвдүгээр сарын 18-25-нд БНХАУ-ын Бээжин хотноо болсон энэхүү тэмцээний бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд Г.Самбууданзан түрүүлж, хос алтан медалийн эзэн болсон байна. Харин тэмцээний F58 төрөлд оролцсон У.Ууганбаяр бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн медаль, зээрэнцэг болон жад шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн К46 ангиллын 1500 метрийн гүйлтэд оролцсон н.Гармаабазар мөнгөн медаль хүртсэн байна. Пара хөнгөн атлетикийн ДАШТ-ний өмнөх сорил “Гран при” тэмцээнд манай улсаас Г.Батдорж, Б.Вандан-очир, Д.Төмөр дасгалжуулагчаар удирдуулсан найман тамирчин оролцсон юм. Пара хөнгөн атлетикийн “Гран при” тэмцээнээс хос алтан медаль хүртсэн Г.Самбууданзан ДАШТ-нд оролцох эрхээ авчээ.
Пара хөнгөн атлетикчид зургаан медаль хүртлээ
Пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзан
Б.БИЛЭГ