Ж.Лхамсүрэн: Монголд алмааз эрдэнийн нөөц ч бий

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Ж.Лхамсүрэн: Монголд алмааз эрдэнийн нөөц ч бий

Манай улсын анхны геологчийн нэг доктор, профессор Ж.Лхамсүрэнг номоор дүүрсэн давчуухан өрөөндөө шавь нартаа эрдэм түгээж байхтай нь таарсан юм. Түүний байгуулсан “Монгол орны геологи, эрдэс баялгийн музей” гадна дотны эрдэмтэн судлаачдын анхаарлыг татдаг газар болжээ. Эрхэм доктор ШУТИС-д багшлахын зэрэгцээ эх орныхоо эрдэс баялгийг судалж суудаг нэгэн.

-Монгол Улс эрдэс баялгаа бие даан судалж эхлэх үеэс таныг гар бие оролцсон анхны геологчийн нэг гэдэг. Энэ мэргэжлийг хаана эзэмшив?

-Монгол орны эрдэс баялгийг дэлхийн хоёрдугаар дайны дараагаас оросууд эрчимтэй судалж эхэлсэн юм билээ. Тэгээд энэ уудам нутаг дэвсгэрт асар их баялаг байгааг өнгөцхөн судлаад мэдчихсэн. Үүнээс үндэслээд Монголд геологийн мэргэжлийн боловсон хүчин хэрэгцээтэй болсон юм билээ. Тиймээс ЗХУ-д энэ мэргэжлээр сургаж эхлэхэд Москвагийн Геологи хайгуулын дээд сургуульд сурах аз надад тохиосон хэрэг. 1959 онд төгсч ирээд Горхийн болрын уурхайд хуваарилагдсан. Би сургуульд явахаасаа өмнө болорын уурхайд ажиллаж байсан юм.

-Геологичдод явж үзээгүй газар гэж байдаггүй гэдэг. Та ч бас адил биз?

-Явж үзээгүй газар байхгүй гэвэл худлаа. Гэхдээ би 50 жил эх орныхоо ихэнх нутгаар хайгуулын судалгаа хийсэн. Хөл хүрэх аргагүй, очиж судалмаар газрууд байдаг л юм.

-Та эрдэнийн чулуугаар дагнаж ажилласан юм уу?

-Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хүн. Одоо бодоход эрдэнийн чулуун дунд өсч дээ. Ер нь манай орон эрдэнийн чулууны нөөц ихтэй. Би ”Монгол орны хайлуур жоншны ордуудын тархлын зүй тогтол, гарал үүсэл” сэдвээр эрдмийн цол хамгаалсан юм. Орон нутагт явахад Цагаан дэл, Цагаан чулуут гэж нэрлэсэн газрууд байдаг. Тэр бүгдийг судалж шинжилж явахад жонш гэдэг асар их хэрэгцээтэй нь миний анхаарлыг татсан.

-Бид эх орноо асар их баялагтай гэж гайхуулдаг. Ер нь энэ талаар хэр их судлагдсан байдаг юм бэ?

-Эрт үеэс гадаадын экспедицүүд дайрч, тогтож судалсан нь олон.  Дани, Америк, Шведийн эрдэмтэд ажиллаж байсан баримтууд бий. Алт, зэс, жонш гээд тоолоход одоогоор манайд 90 орчим нэр төрлийн 8000 гаруй орд илрүүлсэн байдаг юм. Үүний заримд нь тойм судалгаа хийсэн. Монголын баялгийг гүйцэд судалж чадаагүй, тэгэх боломж ч байхгүй. Манайд гүний судалгаа огт хийгдээгүй. Одоо л Оюутолгойн ордод 2000 метр гүн өрөмдөж байгаа. Манай Хангай, Хэнтийн уулархаг нутгийг атираатын бүс гэдэг. Энэ нь ашигт малтмалаар нэвчсэн гэсэн үг. Олон мянган жилд газар хөдлөлт зэрэг элдэв үзэгдэлд дээш доош хөдлөн нугалаа үүссэнийг атираа гэж байгаа юм. Монгол нутаг дагуудаа өвөрмөц. Тийм учраас олон төрлийн ордтой. Ийм нутаг ховор. Оросын Өвөр Байгаль тэр аяараа баялагтай. Манай Хангай, Хэнтийн хөвчийн уулархаг нутаг  их баялагтай ч муу судлагдсан. Оюутолгой гэхэд эртнээс зэсийн илрэлтэй байсан нутаг. Манайд дөрвөн том зэсийн орд илэрсний нэгийг нь нээгээд байгаа нь энэ.

-Бид нүүрс, алт, зэсээр л баян гэж ойлгодог. Өөр нөөц ихтэй ямар эрдэс баялаг байна вэ?

-Судлагдсан нь тийм байгаа юм. Тэдгээрээс гадна жонш, төмрийн хүдэр, ураны нөөц ихтэй. Саяхан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны их нөөц байгааг илрүүллээ. Мөн Говь-Алтайд төмрийн хүдрийн асар том орд нээсэн. Сэлэнгэ аймгийн Баянголыг төмрийн хүдрийн бүс нутаг гэж хэлж болно. Жонш гэхэд дотроо олон янз. Манай орон хайлуур жоншны нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог юм шүү дээ. Сүүлийн 60 жилд л ашиглаж байна. Жоншны илрэл Хэнтий аймгаас эхлээд 800 км нутгийг хамарсан тогтоцтой байдаг. Манай улс дэлхийн жоншны хэрэгцээний ихэнхийг гаргаж байна. Хайлуур жоншны 600 гаруй орд илэрсэн үүнээс 10-ыг нь  ашиглаж байгаа.  Харин хээрийн жонш элбэг шүү.

-Жоншийг юунд ашигладаг юм бэ?

-Хээрийн жоншийг шаазан ваарны үйлдвэрт ашигладаг.  Бид мэддэггүй болохоос биш хүн төрөлхтөнд хамгийн их хэрэг болдог зүйл нь хайлуур жонш юм шүү дээ. Ган хайлуулах, ураны хүдэр боловсруулахад гээд хэрэглэдэг салбар олон. Мөн химийн үйлдвэрүүдэд хэрэглэж, олон төрлийн химийн бодис, хүчил гаргаж авч байна. Маш хэрэгцээтэй, чухал баялаг. Жишээ нь, бидний гэрийн хөргөгчний шингэний найрлагыг бүрдүүлдэг эд шүү дээ. Манай улс 1950 оноос Орост гаргаж эхэлсэн байдаг. Сүүлдээ Европын орнууд авдаг болсон. Төв аймгийн Баянцагаан сумын Цагаан дэлийн жоншийг Чех олон жил авсан. Одоо Хятад л авдаг юм шив дээ. Яваандаа хамгийн их үнэ хүрэх эрдэс учир хямгадаж л баймаар.

-Манайд төмрийн хүдрийн орд элбэг. Боловсруулах үйлдвэр­гүйгээс гадагш нь гаргаад байгаа нь хэр зөв юм бэ?

-Эрдэмтэд Монгол нутаг дээр 800-гаад мянган жилийн өмнө хүн амьдарч байжээ гэж бичсэн байдаг. Мөн төмрийн хүдэр олборлож байсан газруудыг илрүүлсэн. Түүгээр ч зогсохгүй 10-аад сортын ган гаргаж авч байсан баримт бий. Ганг чой болд, мяхан болд, зэвэрдэггүй болд, ган болд гэж ангилдаг байж. Тэр технологи нь өндөр хөгжсөн байжээ. Энэ талаар манай гавьяат геологч Тогтох агсан бүх нутгаар явж судалгаа хийсэн. Дандаа салхины аман дээр уулын онь, хөтөл дээр 200 гаруй зуух байсны ул мөрийг илрүүлсэн. Ихэнхдээ зэвсгийн зүйл, өөрөө ирлэгддэг сэлэм хийж байсан гэдэг юм билээ. Тэр нь хатуу юм цавчихад ир ордог. Ган олон янзын чанартай. Дамаскийн ган гэхэд сэлэм хийхэд нугарч эвхэрдэг уян хатан байдаг гэдэг.  Зэсний найрлагад молибиден гэдэг металл бий. Тэр нь металлургийн үйлдвэрүүд, техникийн салбаруудад их хэрэгтэй эд. Гангийн хольцонд орж уян хатан чанарыг бий болгодог.

-Сүүлийн үед хэн хамаагүй эрдэнийн чулуу ухаж төнхөх болж. Чулуугаар бизнес хийдэг хүмүүс ч бий болсон байна. Үнэт эрдэнийн чулууны нөөц ер нь хэр сайн судлагдсан байдаг юм бол?

-Үнэхээр бидний эцэг өвгөд их юм үлдээжээ гэж бодогдохоор байдаг. Түүнийг нь үе шаттайгаар хойч үедээ өвлүүлээсэй гэж санадаг. Өнөөдөр бид гишгэсэн газрынхаа хөрсөнд юу байгааг мэдэхгүй явна. Алт, зэс гэж дээгүүр ярьж явтал хажуухандаа байгаа хэдэн арван ээмэг, бөгжний шигтгээ болох атгын чинээ үнэт эрдэнийн чулууг анзаарахгүй л өнгөрдөг. Чулуу гэдэг чинь хатуу биет боловч өгөршиж байдаг эд. Тоос гэдэг чинь эрдэс бодис задарч байгаагийн шинж юм шүү дээ. Газрын гадарга дээр ил харагдах эрдэнийн чулуу ховор. Оюу газрын гадаргын орой дээр байдгаас гүн рүү байдаггүй эд. Манай оронд өнгөт эрдэнийн чулууны нөөц үнэхээр арвин. Биндэрья, мана, гартаам, чүнчигноров гээд 50 гаруй нэр төрлийн үнэт чулууны нөөцийг тодорхой хэмжээнд судласан. Анар гэж улаан хүрэн чулуу элбэг. Халуун орны анар гэж гоё улаан хүрэн жимс байдаг даа. Түүгээр нэрлэсэн юм. Манайхны хэрэглэдэг цаасан зүлгүүрийг мэднэ биз дээ. Түүнийг тэр чулуугаар хийдэг. Гадны оронд их л эрэлттэй чулуу. Монголчууд есөн эрдэнэ гээд эртнээс уламжилж ирсэн чулууны өв соёлтой ард түмэн. Чулууг байрнаас нь хөдөлгөж болохгүй гэх зэргээр зааж сургадаг ч байсан. Одоо ч бүр мартжээ, энэ бүгдийгээ. Чулуужсан мод гэж ховор зүйлээ гадагш нь алдчихсан. Ер нь чулуугаа огт тоодоггүй гэж санагддаг юм. Одоохондоо хувь хүмүүс л чулууны бизнес хийж байна шүү дээ.

-Манайд алмааз эрдэнийн нөөц, илрэл байдаг уу?

-Ханхөхийн нуруу, Хангайн нуруу, Хэнтийн Цэнхэрмандалын нутагт бий. Нүдэнд үзэгдэх төдий урт урт судлууд байгаа. Нарийн судлууд нь газрын гадарга дээр гараад ирсэн. Алмааз гэдэг чинь их гүнээс гаралтай эрдэнэ. Гэхдээ ямар ч айл авдартаа байгаа хамаг хатуу эдээ хүнд тоочоод байдаггүй биз дээ. Тиймээс тэр байж л байг. Цагаа болохоор хойч үеийнхэн ашиглана биз дээ. Бор авдарт өөр юу ч байгаа юм билээ, бид мэдэхгүй шүү дээ. Мэдээд ч хэрэггүй байх. Гол ашигт малтмалууд бүгд байна. Нөөц ч ихтэй.

-Хөвсгөлийн фосфоритын ордын тухай эртнээс яригдсан. Хэл ам ч их гарсан. Ер нь тэр ордыг ашиглах хэрэгтэй байсан уу?

-Хөвсгөлийн шовх шовх уулууд тэр чигээрээ фосфор юм шүү дээ. Фосфор шар, улаан хоёр янз. Гол нь бордоонд ашигладаг эд. Байгаль дээрээ занар шиг үелсэн байдаг. Хөвсгөлийн хүрэн уулст фосфорын үе давхраанууд холоос харагддаг. Социализмын үед энэ ордыг ашиглахаар оросуудаар тооцоо гаргуулсан юм билээ. Одоо дэлхий дахинд хамгийн их хэрэгцээтэй байгаа үнэт эд нь фосфор. Зарим улс орон хэдэн зуун жил ургац авсан хөрснөөсөө бордоогүйгээр  хүнсээ залгуулж чадахааргүй болсон. Тэгэхээр манай Хөвсгөлд  дэлхийн хүн ардыг тэжээж чадахаар их бордооны нөөц байна гэсэн үг.  Үүнийг яаран ашиглах хэрэггүй байх. Фосфорын хүдрийг боловсруулахад асар олон дагавар бүтээгдэхүүн гарна. Хөвсгөлийг дөнгөж тагныхаа тоосыг арчуулж буй эрдэнэсийн авдар гэж ойлгох хэрэгтэй. Аливаа юм сайн, муу хоёр талтай. Одоохондоо Монгол нутгийн хөрс элдэв төрлийн бордоо хэрэглэхээргүй байна. Бид гаднаас асар том хэмжээтэй жимс, ногоо импортолж авдаг. Энэ нь сайхан харагдах ч хүний биед муу. Олон төрлийн бордоогоор бий болсон эд. Фосфорыг ашиглаад эхлэхэд байгальд сөрөг нөлөө үзүүлэх нь зайлшгүй. Бид энэ их баялгаа гайхуулах биш зөв ашиглах хэрэгтэй.

Н.ЛХАГВАСҮРЭН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж