Авто замын түгжээ ихтэй, дэндүү олон машин хөлхөлдсөн хотынхоо дээгүүр өөрийн гэсэн нисдэг машинтайгаа аялж явна гэдэг биелшгүй мөрөөдөл мэт байхаа больжээ. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар Jetsons гэх хүүхэлдэйн кинонд гардаг шиг амьдрал удахгүй биеллээ олох бололтой.
Хятадын зохион бүтээгчид болох Жу Венси, Лай Зесинь, Пань Зиажи нар хамтран нисдэг машины концепт буюу төсөөллийн загварыг зохион бүтээж, YEE хэмээн нэрлэжээ. Замын түгжээ, элдэв саад бэрхшээлээс ангид ажил хэргээ хурдан амжуулахын зэрэгцээ тохь тухтай, тавлаг нөхцөлд зорчихыг эрхэмлэдэг баян чинээлэг цагаан захтнуудад зориулсан YEE нисдэг машин нь ирээдүйд хамгийн өргөн ашиглагдах тээврийн хэрэгсэл болно гэдэгт зохион бүтээгчид нь итгэлтэй байгаа гэнэ. Авсаархан, овор багатай уг нисдэг машин нь авто замд зорчиж байгаад хэдхэн секундын дотор нисдэг машин болон хувирах ажээ. Ингэхдээ урд хоёр дугуй нь их биеийнхээ бөөрөнд эвхэгдэж, харин хойд хоёр дугуй нь гадагш дэлгэгдэж, онгоцны сэнсний үүрэг гүйцэтгэх юм. Мэдээж агаарт нисч буй үед тэдгээр сэнсний ачаар нисч чадна, харин газарт тэдгээр нь автомашины энгийн дугуйны үүргээр ажиллана.
С.Цэлмэг