Эрэлт нийлүүлэлтийн уулзвар нийлэх үү

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Эрэлт нийлүүлэлтийн уулзвар нийлэх үү

Сүүлийн таван жилийн дотор манай эдийн засаг эрчимтэй өсч, эдүгээ ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 5000 орчим ам.доллар, 2015 онд 8000 ам.долларт хүргэнэ гэсэн зорилтыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас тавьж буй. Мөн барилга, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжилтэй холбоотойгоор ажлын байр ч нэмэгдэж байгаа. Хөдөлмөрийн яамнаас энэ жил 70 мянга орчим залуусыг ажлын байранд зуучлахаар болсон. Гэвч ядуурал 29 орчим хувьтай байгаа гэсэн судалгаа гарсан бол ажилгүйчүүдийн тоо 80 мянгад хүрээд байгаа юм. Уг нь эдийн засаг эрчимтэй өсч, ажлын байр нэмэгдэж байгаа гэсэн тоог албаны эх сурвалжууд хэлж байгаа. Гэвч нөгөө талд ажилгүйдэл, ядуурал буурахгүй бахь байдгаараа л…

Манай улсад хөдөлмөр эрхлэх насны сая орчим иргэн байдаг. Тэдний олонх нь уул уурхай, бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарынхан. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Монголд эдийн засгийн идэвхтэй насны хүн  нэг сая гаруй байгаа бол идэвхгүй 688 мянган хүн байна гэх судалгаа бий. Мөн ажилгүй 87.8 мянган хүний 64 мянга нь гэртээ байна” хэмээсэн. Ажилгүй иргэд мянга мянгаараа гудамжинд алхацгааж байхад эсрэг талд ажилд авна гэсэн алд алд зар хөвөрсөөр байдаг. Гэтэл яагаад ажилгүй иргэдийн тоо цөөрөхгүй, ажилд орох хүн олдохгүй байгаа шалтгааныг Хөдөлмөрийн судал­гааны институтийн захирал М.Чимэддорж тайлбарлахдаа “Барилга, бүтээн байгуулалт уул уурхайн салбарт ажлын байрын эрэлт хэрэгцээ эрчимтэй өсч байна. Энэ жил л гэхэд 90 мянга орчим мэргэжилтэн тус салбарт шаардлагатай байгаа. Гэтэл бэлэн байгаа хүн ердөө 60 орчим мянга л бий” хэмээсэн. Ажилгүй байгаа иргэд дунд  уул уурхайн гагнуурчин, машин механизмын жолооч,засварчин зэрэг мэргэжлийн хүмүүс цөөхөн байдаг аж. Мөн монгол хүний ажил голдог, өөрийгөө хэтэрхий өндөр үнэлдэг, хариуцлагагүй, цаг барьдаггүй зэрэг байдал нь ажил олгогчдын голыг гонсойлгодог гэдгийг уржигдар болсон “Хөдөлмөрийн салбарын бодлого Хамтын ажиллагаа” форумын үеэр хэлж байсан.

ХЭРЭГТЭЙ МЭРГЭЖЛЭЭР НЬ СУРАЛЦЪЯ

Тэгэхээр нэг талаасаа иргэн өөрөө залхуурч, эсвэл биеэ хэт тоож, ажил голж, амар хялбар аргаар мөнгө олох дуртай монгол хүний муухай зан нөгөө талаас манай хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсантай холбоотой гэдгийг судлаачид хэлж байна. Тэгэхээр хүн мэргэжлээ сонгохдоо сэтгэл хөдлөлөөрөө, эсвэл “моод” болж байгааг нь биш баталгаатай байдлыг нь анхаарах ёстой. Түүнчлэн ажлын байр нь ирээдүйд улс оронд эрэлттэй мэргэжлийг төрөөс бодлогоор дэмжих нь чухал юм. Хөдөлмөрийн судалгааны институтээс манай улсад ойрын жилүүдэд хамгийн их шаардлагатай мэргэжлүүдийн жагсаалтыг гаргаж салбарынхаа яамны бодлогод тусгахаар ажиллаж байгаа гэсэн. Хөдөлмөрийн яамнаас гаргасан судалгаагаар их дээд сургууль төгсөгчдийн 20-25 хувь нь ажилтай болдог бол үлдсэн нь шууд ажилгүйчүүдийн эгнээ рүү шилждэг байна. Харин мэргэжилтэй боловсон хүчин болж төгссөн залуучууд ажилд орох нь өндөр байдаг гэсэн. Салбарын яамнаас энэ жил 150 орчим мянган ажлын байрыг бий болгох зорилт тавьж байгаа аж. Жишээлбэл, 12 тэрбум төгрөг зарцуулан долоон мянган хүнийг сургаж байгаа нь сайн хэрэг. Гагцхүү боловсон хүчнээ чадваржуулж, дадлагыг түлхүү хийлгэж, дахин сургаж авахаар биш бэлтгэгдсэн хүнийг төрүүлж өгөөрэй гэсэн үгийг ажил олгогчид салбарын сайдад дайсан юм.

ОРЛОГО НЬ  ЗАРЛАГАА ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА

Хөдөлмөрийн судалгааны институтээс гаргасан судалгаагаар цалингийн дундаж орлого манайд өнгөрсөн онд 450 мянга байсан бол энэ жил 598 мянга болж өсчээ. Гэхдээ энэ тоо тийм олон хүнд буухгүй байгаа гэдэгтэй санал нэг байна. Учир нь энэ цалингийн өсөлт бүтээмжтэйгээ уялдаагүй, уул уурхай, барилгын салбарынхан чадвартай боловсон хүчнийг олж авах дайн өрнүүлж, бие биетэйгээ өрсч цалингаа нэмж буйтай холбоотой. Энэ нь бусад салбараа хөлдөө чирч буйг Эдийн засгийн бодлого, судалгаа өрсөлдөх чадварын төвийн захирал Б.Лакшми учирласан. Хэрэв энэ хэвээрээ үргэлжилж нийт цалингийн 20 хувь нь бүтээмжтэйгээ уялдаагүй хиймлээр өсвөл инфляци хөөрөгдөхөд нөлөөлөх эрсдэлтэйг ч сануулсан. Энэ нь ч бодит байдал дээрээ үнэн. Салбар бүрийн сор болсон боловсон хүчнийг уул уурхайн салбар өндөр цалингаараа даллаж урвуулж буйд нийтийн тээвэр, төмөр зам, аялал жуулчлалын салбарынхан гомдоллодог. Хэдийгээр орлого нэмэгдэж буй ч зарлагын өсөлт түүнээс хавьгүй өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийг цалин гүйцэхгүй байна. Тодруулбал, нэг өрхийн сарын дундаж зарлага энэ оны эхний улирлын байдлаар 739.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 190 орчим мянган төгрөг буюу 35 орчим хувиар өссөн байна. Бага орлоготой иргэд орлогынхоо 80 орчим хувийг хүнсний хэрэглээндээ зарцуулдаг учир үнийн өсөлтөд хамгийн их туйлддаг. Хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа махны ханш өндөр байгаа нь иргэдийг үнэхээр туйлдуулж буй. Энэ жил Монголбанкнаас махны үнэ тогтворжуулах зорилгоор 93 тэрбум төгрөг зарцуулсан ч үнэ өмнөх жилийнхээс 2000-3000 төгрөгөөр өсч нэг кг үхрийн мах 10 мянган төгрөгт дөхөөд буй.
 

ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН ЯДУУ Л БАЙДАГ

Ядуу гэдэг нэрээрээ хаацайлан, хороо дүүргээсээ явуулж буй судалгаанд аль болох ядуу болж харагдахын төлөө улайрдаг хүн олон гэдгийг хэсгийн ахлагчид хэлдэг.  Энэ нь нөгөө л бэлэн мөнгө тарааж, бэлэнчлэх сэтгэлгээнд иргэдээ живүүлсэн улстөрчдийн өгөөшний гай. Тиймээс өөрийгөө ядуу гэж боддог сэтгэлгээнээсээ салах хоншоортой байх чухал юм. Мянганы хөгжлийн зорилтын дотоодын зөвлөх Ш.Мөнхцэрэн “Ажлын байр бий болголоо гэхэд ядуу иргэдийн дийлэнх нь тухайн ажлын байранд тэнцдэггүй. Ямар ч албан байгууллага ашгийн төлөө учраас хөдөлмөрийн бүтээмж өндөртэй ажилтан авах болно. Харин ядуу иргэд тэр шалгуурыг хангахгүй бол яах вэ. Ажлын байр байсан ч ажил хийж чадахгүй гэсэн үг” гэсэн юм. Тиймээс дэлхий нийтэд ядуурлыг бууруулахын тулд иргэд өөрсдөө амьдрах боломжоо дээшлүүлэхэд анхаардаг гэдгийг ч тэрбээр онцолсон. Үүний тулд эрүүл мэнд, боловсролын салбарт төрөөс хөрөнгө оруулалтыг хийж, эрүүл боловсролтой, иргэнийг бэлтгэхэд анхаардаг. Манайх хэдийгээр чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилт тавин ажиллаж буй ч ядуурал буурахгүй байгаа нь төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаагийн тод илрэл юм.

Б.УУГАНБАЯР

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж