Хятадын генералуудыг байлдагч болгоно

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Хятадын генералуудыг байлдагч болгоно

Хятадын төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ши Жинпинь армийн өндөр дээд тушаалын офицеруудыг тодорхой хугацаанд жирийн байлдагч болгон алба хаалгах тушаал гаргав. “South China Morning Post” сонины өчигдрийн дугаарт бичсэнээр энэ шийдвэр дэд хурандаа ба түүнээс дээш цолтой бүх албан тушаалтанд хамаарах гэнэ. Дээд тушаалын офицерүүдийн байлдагч байх хугацаа 15 хоног бөгөөд энэ хугацаанд тэд цэргүүдтэй нэг дор, тэдний нэгэн адилаар амьдарч, хооллож, үүрэг гүйцэтгэх аж. Гэхдээ хоол хүнс гэх мэт хүн нэг бүрийн зардлаа хувиасаа гаргах гэнэ. Мөн алба хааж буй анги нэгтгэлийн удирдах тушаалтнуудын ажил хэрэгт хөндлөнгөөс оролцохыг нь хориглосон байна. Хашдаг албан тушаалаасаа шалтгаалан хурандаа, генералууд ийм албыг дөрөв ба таван жилд нэг удаа хаах ёстой болжээ. “South China Morning Post” сонинд бичсэнээр Ши Жинпинь цэргийн алба хаагчдын урам зоригийг сэргээхийн хамт, армид “цочроо өгөхийн” тулд энэ арга хэмжээг авсан байна.

Хятадын армид дээд доод тушаалынхны зааг ялгаа хэт ихэссэн, дэг журам суларсан, авлига хавтгайрсан явдалтай тэмцэхээр эрх баригчид чармайж буй талаар дотоодын цэргийн шинжээчид “South China Morning Post”-од ярьжээ. Тэдний хэлснээр Хятадын цэргийн удирдах албаныхан танил талаа ашиглан богино хугацаанд өндөр цол авдгаас доод тушаалынхны ажил амьдралын талаар тун хомс ойлголттой байдаг аж. Энэ удаагийнхтай төстэй шийдвэрийг Мао Зэдун 1958 онд гаргаж байсан бөгөөд өндөр цолтой цэргийнхнийг жилд нэг удаа явган цэрэгт алба хаалгахаар болж байсан гэнэ. Ингэснээр Мао армид биечлэн хяналт тавих бололцоотой болсноос гадна энэ арга хэмжээний үр дүнд нөлөө бүхий олон хурандаа, генералыг чөлөөнд нь гаргаж байжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор Хятадын төрийн тэргүүн болсон Ши Жинпинь албан тушаалаа хүлээж аваад хэлсэн үгэндээ “Хятад үндэстний сэргэн мандалд” ард түмнээ уриалснаас гадна улс орны бие даасан байдал, ашиг сонирхлыг хамгаалахын тулд цэрэг армийн байлдах чадварыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэсэн билээ.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж