Германы дуучин Европын хамгийн том дууны тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Германы дуучин Европын хамгийн том дууны тэмцээнд түрүүллээ

Европ тивийн хөгжмийн хамгийн том тэмцээн “Eurovision Song Contest”-д европын 25 орны дуучид, хөгжимчид өрсөлдсөнөөс Германы дуучин Lena түрүүллээ. Энэ тэмцээнд 39 улсын үзэгчид саналаа өгсөн бөгөөд хоёрдугаар байранд Туркийн “maNga” орсон байна. Норвегийн нийслэлд явуулсан санал асуулгын үр дүнгээс үзээд Lena-г түрүүлэх магадлал ихтэй байна гэж интернетээр санал асуулга зохион байгуулсан “Google” компани таамаглаж байсан нь ийнхүү батлагдлаа. “Eurovision” тэмцээн 1956 онд Швейцарийн Лугано хотод хамгийн анх удаа зохион байгуулагдаж байсан юм. Өнгөрсөн жил Норвегийг төлөөлж оролцсон сонгодог хийлч Alexander Rybak уг тэмцээнд оролцсон 42 орны оролцогчдийг ялж тэмцээнд түрүүлсэн юм.

Өмнөх тэмцээнүүдэд түрүүлсэн оролцогчид тухайн орны өвөрмөц онцлогуудыг харуулдаг байсан. Тухайлбал Их Британийн “Lulu”, Шведийн поп домог болсон “ABBA”, Финляндын металл хамтлаг “Lordi” нар энэ тэмцээнд түрүүлж байсан юм. Энэ жил Шведийн оролцогч, ардын дуу дуулдаг Anna Bergendahl тэмцээний эхэн үед хачирхалтайгаар хасагдсан. Хорватын охидын хамтлаг “Feminnem”-ийг хүмүүс их сонирхож байсан ч сүүлийн 25-д шалгарч чадалгүй хасагдсан. Энэ жил тус тэмцээнийг Европ даяар 120 сая хүн үзсэн бөгөөд улс бүрд өргөн хэмжээгээр олон нийтийн хэрэгслүүдээр цацагдсан. Өнгөрсөн жилийн тэмцээн Москва хотод болсон бөгөөд Оросын “Нэгдүгээр суваг” тансаг тайз заслыг хийсэн ба үүнд 43 сая ам.доллар зарцуулсны ихэнхийг нь Оросын засгийн газраас гаргасан гэдэг.

Энэ жил гурван шөнө үргэлжилсэн тэмцээний оргил шат буюу хагас финал, финалыг явуулахад Норвегийн “NRK” суваг 32 сая ам.доллар зарцуулсан гэж ярьсан. Хэдийгээр энэ тэмцээн дууны тэмцээн хэдий ч улс орнуудын эдийн засгийн чадавхийг хальт хэмждэг бололтой. Тэмцээнд оролцож байгаа улсууд хожим нь энэ тэмцээнийг өөрийн орондоо зохиох үүрэг хүлээдэг тул зарим улсууд оролцоход хүндрэлтэй байгаа бололтой. Энэ жил Унгар, Андорра, Чех болон Монтенегро нар Засгийн газрын төсвүүдээ танаж байгаатай холбоотойгоор энэ тэмцээнд оролцоогүй. Энэ талаар Европын ТВ-ийн сувгуудийн холбооны хэвлэлийн төлөөлөгч “Үнэндээ энэ бол харьцангуй бага зардал шаарддаг ТВ-ийн шоу. Долоо хоногийн дотор ердөө гурван том концерт бэлтгэж дэлхий даяар цацаад л болоо. Тийм ч их зардал шаардахгүй шүү дээ” гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж