Хубилай хааны аварга сувдны орчин цагийн цухас түүх

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Хубилай хааны аварга сувдны орчин цагийн цухас түүх

Дэлхийн хамгийн том сувдны нэгийг Монголын Их Юань улсын хаан Хубилай эзэмшиж байсан нь манай үед хүрч ирсэн нь сонин. 115 грамм буюу 575 карат жинтэй энэ сувд нь 79х41х34 мм хэмжээтэй бөгөөд хэлбэрийн хувьд бөөрөнхий биш. Сувдыг гарал үүслээр нь цэнгэг усны ба далайн, бүрэлдэж буй болсон арга замаар нь байгалийн ба таримал гэхчлэн ангилдаг бол хэлбэрээр нь бөөрөнхий, хагас бөөрөнхий, хавтгай, зууван, лийрэн ба хэлбэргүй гэж заагладаг байна.

Хубилай хааны сувдны хувьд далайн, байгалийн, хэлбэргүй  юм. Өвөрмөц шар, ягаан мөн үл мэдэг хөх туяатай энэ ховор нандин сувдны үүх түүх тийм ч тодорхой бус. Үнэт чулууны салбарын бүртгэл, холбогдох баримт материалд ямар ч байсан Хубилай хаан эзэмшиж байсан гэдэг. Хамгийн сүүлд 2007 онд дуудлага худалдаанд ороход нь мэргэжлийн зөвлөгөө өгсөн Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын Үнэт чулууны төв лабораторийн захирал Абдулла Абдул Кадир аль-Муайнийн хэлснээр энэ сувд Монголын их хааны эрдэнэсийн санд байгаад өнгөрсөн 800 гаруй жилийн турш Перс, Хятад, Энэтхэгийн их хаадын гар дамжсаар өнөө үед хүрч ирсэн гэнэ. Зарим баримтад уг сувдыг Хубилай хаан Марко Полод өгсөн гэж буй нь ч үзэгдэнэ.

Шинжээчдийн хэлснээр өнгөрсөн хугацаанд тэрхүү сувдыг гурван ч удаа нүхэлжээ. Нүхэлсэн байдлыг нь үзвэл эмэгтэй хүний зүүх титэмд гоёл болгосон, мөн Персийн хааны тэргүүний өмсгөлийг чимэглэсэн байх янз маяг илэрхий хэмээн мэргэжлийн хүмүүс нарийн судалгааны дүнг эш үндэс болгон өгүүлжээ. Одоо харин тэдгээр нүхийг тусгай аргаар бөглөж битүүлсэн байна.

7.9 см урттай энэ сувд гол төлөв Өмнөд Хятадын тэнгист байдаг мөнгөн уруулт хясаа (латин нэрээрээ pinctada maxima)-наас гаргаж авсан хэмээн мэргэжилтнүүд үздэг бөгөөд энэ төрлийн хясаанаас дээд тал нь 30 см-ийн голчтой сувд гардаг байна. Хясааны гарал үүслийн газарзүйн таамаг нь уг сувдыг Хубилай хаан эдэлж байсан гэх үзлийг бататгах нэг үндэс болдог гэнэ.  

Дэлхийд алдартай сувднууд өөрийн гэсэн нэртэй байдгийн нэгэн адилаар Хубилай хааны сувд хамгийн сүүлд “Арко Валлийн сувд”  (Arco Valley Pearl) гэдэг нэртэй байв. Чухам яагаад ийм нэр авсан нь тодорхойгүй бөгөөд одоо Францын Луврын музейд буй XVI зууны үеийн Германы алдарт зураач Альбрэхт Дюрэрийн нэгэн бүтээл “Arco Valley” хэмээх нэртэй бөгөөд энд Европын баруун өмнөд нутгийн Тироль хэмээх газарт буй хуучны шилтгээн тойрсон бяцхан тосгоныг дүрсэлсэн байдаг. Эндээс ургуулан бодвол тэрхүү шилтгээний эздийн удам угсаа, нэг бол хожим эндэх газарт ирж суурьшсан чинээлэг нэгэн Хубилай хааны сувдыг өнгөрсөн түүхийн аль нэг хугацаанд өөрийн болгож аваад шилтгээний буюу тэр хавийн газар орны нэрийг өгсөн байж ч магадгүй юм. Онлайн нэвтэрхий толиудаас хамгийн ланжгарын нэг wikipedia.org-д бичсэнээр бол уг сувд 2007 онд гэхэд лав Францын иргэний хөрөнгө байжээ.

Хубилай хааны сувдны сураг хамгийн сүүлд гарсан нь мөнөөхөн 2007 он юм. Тухайн үед АНЭ-ийн “Gulf news” сонин мөн оны тавдугаар сард болох үнэт чулуу, эрдэнэсийн дуудлага худалдаанд мөнөөхөн ховор нандин сувдыг үнэ хаялцуулах гэж буй талаар мэдээлсэн байв. Сувдны тухайн үеийн эзэмшигч нэрээ зарлуулахгүй байхыг хүссэнээс гадна сувдыг хэдэн үеэрээ хадгалж ирснээ хэлсэн байдаг. Уг хүн сувдаа цаашид “Абу Дабийн сувд” хэмээн нэрлүүлэх хүсэлтэй ч, авах хүн нэрийг нь өөрчлөх эсэхээ шийдэг гэж үзжээ. “Gulf news” сонинд бичсэнээр, хувь хүний гар дээр буй дэлхийн хамгийн том далайн сувд болох “Арко Валлийн сувд”-ны анхны үнэ нь таван сая доллар ба мэргэжилтнүүдийн тооцоолсноор дуудлага худалдаагаар найман саяд хүрнэ хэмээн үнэлэгдэж байв. Сувдны эзэн худалдаанаас олсон мөнгөө хүүхдийн болон буяны байгууллагад хандивлахаас гадна “Gulf Pearl” хэмээх сувдны томоохон музей байгуулахад нэг хэсгийг нь өргөнө гэжээ. Дуудлага худалдаа 2007 оны тавдугаар сарын 3-нд Абу-Даби хотын “Emirates Palace” хэмээх ордонд болох байсан боловч “Gulf news” сонины дээрх мэдээнээс хойш өнөөг хүртэл Хубилай хааны сувдны дуудлага худалдаа зарлагдсан ёсоороо болсон эсэх, болсон бол ямар үнээр хэнд очсон, хаанаас хаана шилжсэн талаар дэлхийн ямар ч хэвлэлд нэг үг үсэг ч гарахгүй байсаар өдийг хүрчээ.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж