Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд анх удаа барилдана

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд анх удаа барилдана

Японы мэргэжлийн сүмо­­­гийн тавдугаар сарын тэм­цээний банцүке өчигдөр гарлаа.

Өнгөрсөн хаврын тэмцээнд уналгүй түрүүлэхдээ хэд хэдэн дээд амжилт эвдсэн, их аварга Хакүхо М.Даваажаргал бүх бөхчүүдийг тэргүүлэн барилдахаар болсон. Харин Осакагийн башёд гэмтлээ үл хайхран барилдан ес давж, зургаа унасан мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрээс зодоглоно.

Дээд зиндааны монгол бөхчүүдээс “Изүцү” дэвжээний тэргүүн бөх, озэки Какирюү Н.Ананд баруун жигүүрийг тэргүүлж барилдахаар болжээ. Харин Токитэнкү А.Хүчитбаатар маэгаширагийн зүүний наймаас, Кёкүтэнхо Н.Цэвэгням есөөс, Шёотэнро Д.Нямсүрэн 11-ээс, гуравдугаар сарын Харү башёд жюүрёо зиндаанд түрүүлсэн “Томозүна” дэвжээний бөх Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар дээд зиндаанд эргэн ирж, барууны 12-оос хүч үзэхээр болсон байна. Түүнтэй хаврын барилдаанд түрүү булаалдсан “Таманой” дэвжээний бөх Азүмарюү С.Тодбилэг анх удаа дээд зиндаанд хүч үзэхээр болжээ. Тэрбээр макүүчи зиндаанд хүч үзэх Монголын 17, гадаадын 38 дахь сүмоч болж байгаа юм.

Харин өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд дөрөв ялж, 11 унасан Тамаваши Э.Мөнх-Оргил жюүрёо зиндаа руу унажээ. Сонирхуулахад, Монголоос жюүрёод тав, макүшитад 10, санданмэд дөрөв, жонокүчид нэг сүмоч тавдугаар сарын тэмцээнд зодоглох аж.

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацү башё ирэх сарын 12-26-нд Токио хотын “Риогокү Кокүгикан” ордонд болно.

Б.БАТ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж