Инсулины гигант Грекээс эмээ татаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Инсулины гигант Грекээс эмээ татаж байна

Диабетийн эсрэг эмний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч хамгийн орчин үеийн, үйлчилгээ сайтай эмээ Грект зарахаа больж буцаан татах шийд гаргасан байна.  Грекийн Засгийн газар тус улсад зарж байгаа бүх эмний үнийг 25% хямдруулах шийд гаргасныг Данийн “Novo Nordisk” компани эсэргүүцэж ийм арга хэмжээ авч байгаа юм байна. Үүнийг зарим хүмүүс “зэрлэг капиталист сүрдүүлэг” гэж буруушааж байна. 50,000 гаруй Грекчүүд “Ново Нордиск” компанийн хэрэглэхэд хялбар үзгэн бал шиг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм.

Хэрвээ Грекийн Засгийн газрын шийдвэрийг дагаж ажиллах юм бол алдагдалтай ажиллахад хүрэх тул ийнхүү бүтээгдэхүүнээ татах шийд гаргалаа гэж Данийн эмийн компанийн хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна.  Грект эмний үнэ 25 хувь хямдарвал энэ нь бусад улсад зарж буй эмний үнэ болон борлуулалтад нөлөөлөх болно гэж тус компани үзсэн байна. Тус улс эдийн засгийн асар их өрөө бууруулахын тулд авч буй арга хэмжээнийхээ хүрээнд эрүүл мэндийн зардлаа бууруулах шийд гаргасан юм. Олон улсын эмийн компаниуд Грекээс олон тэрбум ам.долларын авлагатай. Ново Нордиск компани Грекийн Засгийн газраас 36 сая ам.доллар авах авлагатай гэж ярьж байна.

Грекийн иргэн Павлос Панаёотакосын 10 настай охин Нефеле нь диабеттай. Тэр Ново Нордиск компанийн захирал руу захиа бичиж тэдний гаргасан шийдийг буруутгасан байна. “Би өөрөө эдийн засагч хүн болохоороо ашиг олох нь чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ эрүүл мэнд гэдэг ашгаас чухал. Грек эдийн засаг нийгмийн хувьд хүнд байдалд байгаа энэ үед та бүхэн арай өөрөөр асуудалд хандаж болно шүү дээ” гэж тэр бичсэн байна. Грекийн диабеттэй иргэдийн холбоо үүнээс илүү хурц хэллэг хэрэглэж буй бөгөөд Ново Нордискийн үйлдлийг “зэрлэг заналхийлэл” гэж нэрлэсэн байна.

Харин Ново Нордискийн захирал Ларс Соренсен хариуд нь “Та бүхнийг болон биднийг ийм хүнд нөхцөл байдалд оруулсан газар бол Грекийн Засгийн газар. Тэд санхүүгийн хувьд хариуцлагагүй шийд гаргасан” гэж мэдэгдсэн. Ново Нордиск компанийн энэ үйл ажиллагаатай холбоотойгоор зарим хүн амиа алдаж болзошгүй гэж мэдэгдсэн ч Ново Нордискийн хэвлэлийн төлөөлөгч энэ бол хүн алах тухай асуудал биш хэрвээ нөхөн төлбөр олгох юм бол “glucagen” хэмээх инсулинээ үнэгүй олгоход ч бэлэн байна гэж мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж