МАХН-ын бусниулалт өөрөө ардчиллын баталгаа

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын бусниулалт өөрөө ардчиллын баталгаа

МАХН-ын бусниулалт өөрөө ардчиллын баталгаа

Ардчилсан оронд аж төрж байгаагаа дарангуйллын талхин дор нухлагдаж буйгаар гадныханд харуулах, тусгай үйлчилгээтэй эмнэлэгт сувилуулж буй даргыгаа харгис хатуу чийгт гяндант тарчлан зовж суугаагаар ойлгуулах агуулга бүхий эмгэнэлт хошин жүжгийн сценарийг  МАХН доторх “хамгийн шударга” хэсэг хүн найруулж дуусчээ. Захидлын агуулгаас харвал ил захидлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэрлэж өгсөн бөгөөд өөрт нь хэчнээн хайртайгаа харуулах гэсэн шударга нөхөд энэ үгээ завсар нь хавчуулан буцааж хянуулахаар сонин хэвлэлээр тараав. Ил захидлыг хэвлүүлэн тараагчид нь МАХН-ын шударга нөхөд гэх тодорхой нэр хаяггүй хэсэг бүлэг хүн. Эсвэл ганц хүн.

Ил захидлын гол санаа бол Монгол Улсаа гадаадын 104 орны 1200 гаруй төлөөлөгчийн нүдэнд аль болох булай муухайгаар харагдуулах явдал. Эрх баригчид нь бурангуй. Хууль нь харгис. Экс Ерөнхийлөгч нь өргөст торны цаана чийгт гянданд тарчилж байна гэсэн утгатай захидлыг МАХН-ын шударга нөхөд АОХН-ийн бага хурлын 1200 төлөөлөгчдөд гардуулан өгөхөөр дугтуйлж дуусгаад байна гэнэ. Хөөрхий, хэл усгүй ч гэсэн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын гишүүд гадаадын төлөөлөгчдөд дохио зангаа ч болов үзүүлэн дугтуйтай бичгүүдээ тараах үүрэг хүлээсэн юм байна. Тэдний уриа бол “Н.Энхбаяр даргын эрх чөлөө Монголын нэр хүндээс үнэтэй” гэсэн үгс ажээ.МАХН-ын даргаас өгсөн зааварчилгаа ёсоор МАХН-ын шударга нөхөд АОХН-ийн чуулганыг үймүүлж, Монголд харгис дэглэм тогтсон гэдгийг буй чадлаараа харуулах явдал.

Сайд нарын гэх тодотголтой, улсын эмнэлгүүдээс Монголдоо хамгийн тохилог нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эрх тааваараа эмчлүүлж сувилуулангаа хоригдох хоногоо хороож суугаа МАХН-ын даргыг шоронд тарчилж байгаагаар гаднынханд ойлгуулах нь тэдний эхний зорилго. Хийсэн хэрэгт нь холбогдох ял оноосон шүүхийг дэлхийд баймгүй харгис шүүх, хатуу шорон болгож харуулахаар зүтгэхдээ тусгаарлах камерт өөрөө өөрийгөө хайлуулах дөхсөн Баавараар жишээ татах юм байх. За тэгээд Монгол Улс зөвхөн Н.Энхбаяр гэдэг мөнхийн Ерөнхийлөгчтэй байх учиртай. Таны Ерөнхийлөгчийн соннуульд нэр дэвших хүслийг биелүүлэхийн төлөө бид бүхнийг умартан зүтгэх ёстой гэхчлэн “хорлон сүйтгэх” төлөвлөгөө хөвөрчээ.

Энэ завсар МАХН-ын шударга нөхөд бусдыгаа даргадаа матахыг мартсангүй. МАХН доторх зарим этгээд Н.Энхбаяр даргын ариун нэрийг барьж амин хувийн ажил үүргээ гүйцэлдүүлэд байгаагаас биш энэ шударга нөхөд шиг үнэнчээр зүтгэж өгөхгүй байгаа юм байх. Түүгээр зогсохгүй шударга нөхдөө ямагт хавчин гадуурхаж, даргатайгаа уулзах гэхээр нь хааж боогоод байдаг гэнэ. Тэгэхээр МАХН дотор л харин жинхэнэ дарангуйлагчид байдаг байх нь. МҮАН-аас МАХН-д орж ирсэн УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын ажлын садаанууд байгааг шударга нөхөд илрүүлж даргадаа нэр заан матжээ.

Гэхдээ хамгийн гол нь ил захидал тэрлэгчид өөрсдөө ардчилал, эрх чөлөөнд бялуурч суугаагаа мартчихаж. Монгол Улс харгис дарангуй дэглэмтэй орон л юм бол МАХН-ын “Шударга нөхөд”-ийн захидлыг хаа сайгүй хэвлүүлж тараалгаж, жагсааж цуглуулахын оронд барьж аваад нөгөө төсөөлөн бичээд байгаа чийгт гянданд нь суулгаж орхих байсан биз ээ. Өндөр албаны хүмүүсээ эмчилдэг тусгай эмнэлгийг МАХН-ын даргын сувилгаанд зориулан ханхайлах байсан гэж үү. Аманд орсноо ярьж, хүссэн газраа жагсч, Төрийн ордноо гороолж, гаднын зочдод эх орноо туйлын муухай болгон харуулахыг зорих нь зөвхөн ардчилсан орны эрх чөлөөт иргэний л хийж чадах үйлдэл. Жинхэнэ дарангуйлагч нийгэмд аж төрж байсан бол ил захидал бичигч “шударга нөхөд” ийм зүйл хийх бүү хэл бодож ч зүрхлэхгүй гээд хэлчихвэл үнэнээс зөрөхгүй л байх.

Олон улсын хурал цуглаан хийсэн аль ч оронд ингэж жагсч цугладаг хэсэг байж л байдаг. Гэхдээ ардчилсан оронд шүү дээ. Хурал цуглаан болдгоороо л болдог. Жагссан нөхөд хэсэг зуур уриа лоозонгоо мандуулж байгаад эцэхээрээ харьдаг, мартагддаг. Ийм л юм.

Эх орноо муухай харагдуулах гэж хэрээрээ хичээж буй нөхөд ч ялгаагүй. Тэдний дугтуйтай бичгийг авлаа гээд “Пээ ямар муухай оронд ирчихэв ээ. Бушуу буцъя” гэх хүн гарахгүй. “МАХН-ын даргыг сулла” гэсэн уриа бариад давхихгүй. Дарангуйлал, хэлмэгдүүлэлт, яргалал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн тэмцэгчид ирэх гэж байна шүү дээ, гаднаас. Тэдэнд бол айлын эрхээрээ хатсан хүүхэд эцэг эхдээ гомдоллон чихрээр тургиж суугаагаас нэг их өөрөөр харагдахгүй л байх. Чихэр гэдэг нь эрх чөлөө шүү дээ.

Харин ч гадныхан Монголыг жинхэнэ эрх чөлөөтэй орон гэдгийг хараад буцахад жагсагчид хувь нэмрээ оруулах болно. Яагаад гэвэл жагсч цуглаж, уриа лоозон барьж, юу дуртайгаа ярьж байгаа нь Монгол орны ардчиллын баталгаа гэдгийг жагсагчид гадаадын зочдод харуулах гэж байна шүү дээ. МАХН-ын бусниулалт өөрөө Монголын ардчиллын баталгаа болж энэ өдрүүдэд харагдах юм.

Д.ЦЭЦЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж