Гадаадаас 118.4 тэрбум төгрөгийн зээл авч ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Гадаадаас 118.4 тэрбум төгрөгийн зээл авч ашиглажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоодоос болон гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээл, түүний ашиглалт, эргэн төлөлтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо.

Сангийн сайд Ч.Улааны хийсэн мэдээллээр Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар 1990-2012 оны хооронд 2.7 тэрбум ам.долларын гадаадын зээл авч ашигласнаас 0.9 тэрбум ам.долларыг үндсэн төлбөр, 0.2 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрийг төлж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.0 тэрбум ам.долларын гадаад өрийн үлдэгдэлтэй байна. Засгийн газрын гадаад өрийн 55 хувийг Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 45 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байна.

Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 87.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 27.9 тэрбум төгрөгийг олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улс орнуудтай байгуулсан гэрээний дагуу төлөх үүрэг хүлээжээ. Монгол Улсын Засгийн газар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 оны тайлант хугацаанд 118.4 тэрбум төгрөгийн гадаад зээлийг ашиглаж, эргэн төлөлтөд 62.5 тэрбум төгрөгийг төлжээ. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж гишүүд Сангийн сайдад хандан асуулт тавьж хариултаа авч дууссаны дараа асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дүгнэлтээ хэлсэн юм. Эрхэм гишүүн “Авсан өр зээл хир үр дүнтэй, ашиглалт нь ямар байна гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Өнөөдрийг хүртэл хэчнээн ам.долларыг ямар ямар компаниуд гадаадаас авсан, эргэн төлөлт нь ямар байгаа нь бодитой байх хэрэгтэй. Энэ бүхнийг цэгцлэх цаг болсон. Чингис бондоор авах 5 тэрбум ам.долларын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Иймээс Монгол Улсын гадаад өр, зээл түүний барагдуулалтын талаарх Засгийн газрын танилцуулгыг нэлээд өргөн хүрээнд тодорхой болгох Ажлын хэсэг гаргах. Цаашид УИХ тогтоол шийдвэр гаргаж энэ тал дээр онцгой анхаарал хандуулж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байна. Өнөөдөр сайхан байгаа мэтээр ярьж байгаа боловч бодит байдал дээр 1.5 тэрбум ам.долларын зарцуулалт тодорхойгүй байгаа. 1990 оноос өнөөдрийг хүртэл авсан зээлийн 40 гаруй хувийг дэд бүтцэд, 30 гаруй хувийг хот төлөвлөлт бусад зүйлд зарцуулсан байдаг. Эцсийн дүнд буух эзэн буцах хаяггүй үр дүн нь тодорхой бус зүйлд хөрөнгө оруулалт хийдэг байдал 1.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын хуваарилалтаас мөн адилхан харагдаж байна. Энэ ондзургаан аймгийг авто замаар холбох, нийслэлийн замыг сайжруулахтай холбоотой төсөл, бусад нь ноос ноолуурын үйлдвэр гэх мэт 1990 оноос өнөөг хүртэл авсан зээлийн зарцуулалттай адил дүр зурагтай байна. Гаднаас авч байгаа өр зээл үр ашгаа хурдан өгөх төсөлд зарцуулагдах ёстой. Тэгэхгүй аахар шаахар зүйлд зарцуулаад байвал 90 оноос хойш өнөөдрийг хүртэл авсан зээл шиг зарцуулвал үр дүнд хүрэхгүй.” гэсэн юм.

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуулгын хариуг сонссоноор өндөрлөлөө.

Нэг хүнд ногдох ДНБ 3611.5 ам.долларт хүрч байжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонссон юм. Мэдээлэлд дурдсанаарөнгөрсөн 2012 оны байдлаар манай улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ нэрлэснээр 13.9 их наяд, 2005 оны үнээр 5.5 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг сүүлийн 4 жилд нэрлэснээр 2.1 дахин, бодитоор жилд дунджаар 8.7 хувь, нийт 40 хувь өссөн байна. Үүний дотор уул уурхайн салбар жилд дунджаар 6.4 хувиар, уул уурхайн бус салбар 9.2 хувиар өссөн үзүүлэлтэй байжээ. Мөн нэг хүнд ногдох ДНБ энэ хугацаанд мөн 2.1 дахин өсөж албан бус тооцоогоор 3611.5 ам доллартай дүйцэхүйц хэмжээнд хүрч, Дэлхийн банкны ангиллаар дунд орлоготой орны тоонд багтжээ.Тэр дундаа 2011 онд 4.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байсан аж. Энэ нь ашигт малтмал, уул уурхайн салбарт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.0 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин буюу 2.8 тэрбум ам.доллараар өссөнтэй холбоотой юм байна. Гэхдээ хэрэглээний үнийн индекс 2012 оны эцэст улсын хэмжээнд 14 хувиар, Улаанбаатар хотод 14.2 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, инфляци ийн өссөн шалтгаан нь махны үнэ болон согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотой байсан аж. Тодруулбал, махны үнийг 2011 онтой харьцуулахад 43.7 хувиар өсөж инфляцийн 4.8 нэгж хувь буюу 34 хувийн шалтгаан болжээ. 

Хөдөлмөр эрхлэлтийн хувьд хамгийн том салбар нь нийт ажиллагчдын 33 хувь нь ажилладаг хөдөө аж ахуйн салбар хэвээр байж харин худалдаа, засвар үйлчилгээний салбарын ажиллагчид 15 хувь, тээвэр, агуулахын үйл ажиллагаа 7 хувь, боловсруулах үйлдвэрлэл 6 хувь, барилга 5 хувийг тус тус эзэлсэн байна. Харин ядуурлын төвшин хөдөөд хотоос өндөр үзүүлэлттэй гарчээ. 2013 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар эдийн засаг хүндрэлтэй байгаа юм байна. Энэ нь нүүрсний экспорт зогссоноос эхлээд бусад хүчин зүйлүүд бас нөлөөлжээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнгөрсөн таван сарын хугацаанд нүүрсний экспортыг гацааж гацааж байгаад Ерөнхий сайд огцрох асуудал шийдэгдсэний дараа хөдөлгөж эхэллээ. Тонн тутмаас 20 ам.долларын алдагдалтай байгаа учраас нүүрс гаргах асуудлыг зогсоосон гэсэн хариултыг тухайн үед өгч байсан ч одоо болохоор тэр хэвээр нь шийдчихлээ. Уг нь 3 ам.долларын зөрүүтэй юм. Ингэж байгаа юм бол өнгөрсөн бүтэн таван сарын хугацаанд нүүрс гаргахыг зогоосон хариуцлагыг хэн хүлээх вэ” гэж асуулаа.

Үүнд Сангийн Ч. Улаан сайд дараах хариулт өгсөн юм. Тэрээр “Нүүрсийг өмнөх шигээ байдлаар экспортлох нь алдагдал их хүлээх байсан учраас нэг хэсэг нүүрсний экспорт зогссон нь үнэн. Одоо яагаад экспортлох болов гэхээр нийлүүлэгч болон худалдан авагч тал үнэ бүрдүүлдэг зардлынхаа тооцоог харилцан алдагдалгүй байхаар тооцсоны үндсэн дээр нийлүүлж эхэлж байгаа. Нүүрсний экспортыг зогсоох ямар ч сонирхол Засгийн газар болон Сангийн яаманд байхгүй. Аль болохооор нүүрс экспортлох нөхцлийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Гол нь алдагдалгүй байхад анхаарах шаардлагатай байгаа юм. Нүүрсний экспортын үнийг гэрээний үнээр тооцож хамгийн бага үнээр татвар ногдуулах горимд шилжүүлж үзсэн. Аргагүйн эрхэнд нүүрсний экспортыг зогсоогоод байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнгөрсөн долоо хоногт хийсэн Ерөнхий сайдын мэдээлэлд төсөв сайн байгаа гэж байснаа өнөөдөр хүнд байна гэж байгаа нь ямар учиртай юм бэ. Улс орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрч гадаадын хөрөнгө оруулалт буурч байна. Төсвийн хууль зөрчсөн талаар тодорхой тайлбар хэлнэ үү. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдох ёстой 500 мянган төгрөг зарим аймагт олгогдоогүй байгаа. Энэ мөнгө болон Хүний хөгжил сангаас олгогдох 21 мянган төгрөгөө аваагүй ирэгдийн мөнгийг хэзээ олгох юм бэ” гэлээ. Сайд Ч.Улаан:-Долоо хоногийн өмнө төсөв их сайхан байна гэж яриагүй. Харин төсвийн бодит байдал өнөөдөр амаргүй байгааг долоо хоногийн өмнө хурал дээр хэлсэн. Төсвийн гүйцэтгэл, орлого тасарсан нь үнэн, зарлага 58 хувийн санхүүжилттэй гарсан нь үнэн. 2012 оны санхүүжилт бүрэн хийгдээгүй. 21 мянган төгрөгийг олгоход зарцуулах 31 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт суусан байгаа. Төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал бидний амин чухал асуудал. Сангийн яам бодит эргэлтийг дэмжихийн тулд бүх талаар салбарын яамдтай хамтран ажиллаж байна. Хоёрдугаар улирлаас байдал дээрдэх болов уу гэж найдаж байна. Орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгах тал дээр анхаарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Бондын мөнгийг эдийн засагт ашиглаж байгаа гэлээ. Аль салбарт яаж ашиглаж байна вэ. Хөгжлийн банк ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээгээр тендер өгч болох уу. Уг нь хуультай. Хамтарсан Засгийн газрын үед тендерийн асуудал хардалт сэрдэлттэй, хамгийн том асуудал байсан.

Сайд Ч.Улаан: Чингис бонд борлогдохдоо хугацаа нь тодорхой байсан. Эхний төлбөрт хагас жилд 35 сая ам.доллартай тэнцэх төлбөрийг Монголбанк хийнэ. Чингис бонд өөрөө мөнгө. Араасаа орлого дагуулж байгаа. Тендер удаашралтай байгаа нь үнэн. Иймд түргэтгэх бололцоотой бүхнийг эрэлхийлж байна. Хөгжлийн банкинд хуулийн дагуу Засгийн газар тодорхой чиглэл өгч өөрийн эрхийн хүрээнд ажиллаж байгаа. Энэ оноос эхлээд тендерийг цахим хэлбэрээр явуулдаг болсон. Сангийн яам хуулийн хэрэгжилт зөрчигдсөн нөхцөлд маргааныг таслах чиг үүрэгтэй болсон.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Долоо хоног бүр гаргаж байгаа үнэт цаасны борлуулалт ямар байна вэ. Цаашдын хэтийн төлөвийг яаж харж байна.

Сайд Ч.Улаан:
Дөрөвдүгээр сар гарснаас хойш Засгийн газрын ээлжит бондын арилжаа 3 удаа зарлагдсан ч арилжаа хийгдээгүй. Цаашид бондын зах зээлийг тогтворжуулаад тогтмол арилжаагаа байнга хийх зарчмаа барьж явна гэсэн хариултыг тус бүр өгсөн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж