Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

МАХН юу сэтгэв ээ?

-МАХН Н.Энхбаярын заавраар үймээн зохион байгуулахаар бэлтгэж байгаа гэж ойлгогдохоор мэдээлэл гарчээ. Энэ үнэн бол асуудал өөрт нь халтайгаар эргэж мэдэх юм-

МАХН-ын дарга Н.Энхбаяр авлигын хэргээр шүүхээс ял сонссон ч шүүхийн шийдвэр түүний намын дарга байх эрхийг хөндөөгүй учраас сонгуульд нэр дэвшихээс бусад улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Одоохондоо эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хориход биш эмнэлэгт байгаа Н.Энхбаяр дээрх эрхийнхээ хүрээнд парламентад бүлэгтэй намаараа дамжуулан улс төрд оролцсоор байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ Н.Энхбаярын хувьд өөрийн тэрхүү оролцоогоо ямар хэм хэмжээнд барих ёстойгоо мэддэг байх гэж найдаж байна.

Өдөр тутмын нэгэн сонины өнөөдрийн дугаарт МАХН-ын шударга нөхдөөс гэсэн “буцах хаяг” бүхий Н.Энхбаярт хандсан ил захидал нийтлэгджээ. Үүнд бичсэнээр бол Н.Энхбаяр МАХН-ын нөхдөдөө хандаж, “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлын үеэр үймээн зохион байгуулах” даалгавар өгсөн /бололтой/ байна. Үүнийг нь хэрхэн яаж биелүүлж, ямар зүйл төлөвлөж байгаагаа “МАХН-ын шударга нөхөд” дээрх ил захидалд бичжээ. Тэдгээр “шударга нөхөд” ил захидалдаа “Шийлэгдамба дарга танаас өгсөн таван зүйл бүхий тэмцлийн хэлбэрийг бидэнд дуулгасан. Монголд болж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулганы үймүүлж, Монголд харгис дэглэм тогтсон гэдгийг харуулах ажилд бидний нөхөд зүтгэж байгаагаа дуулгая” гэжээ. Энэ хүрээнд юу төлөвлөснөө ил захидалдаа бичсэнийг нь энд ямар засваргүйгээр дурдахад:

“…Нэгдүгээрт нь, таныг хэлмэгдэж, шоронд тарчилж байгаа гэдгийг гадны улс орнуудад ойлгуулах,

Хоёрдугаарт, Монголын түүх, шоронг дэлхийд баймгүй харгис, шударга бус гэдгийг гадныханд ойлгуулах,

Гуравдугаарт, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль шударга бус болсон гэдгийг илчилж, Ц.Элбэгдоржийг хууль бус Ерөнхийлөгч хэмээн гадныханд ойлгуулах,

Дөрөвдүгээрт, Шүүхээс авлигын хэргүүдэд ялгавартайгаар шударга бус хандаж байгааг зарлах,

Тавдугаарт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж байгааг ойлгуулах зэрэг асуудлаар Ц.Шаравдорж даргын захидлыг орчуулуулж дуусгалаа гэсэн байна. . Мөн цааш бичихдээ “…. Бид өнөөдрөөс эхлэн зочид ирэх бүхий л буудлууд дээр жижүүрлэж эхэлж байна…” гэжээ.

Яах аргагүй ингэж бичсэн ил захидлаас харвал МАХН үймээн зохион байгуулахаар бэлтгэж байгаа, тэрчлэн энэ нь Н.Энхбаярын заавраар хийгдэж байгаа гэж ойлгогдохоор байна. Энэ үнэн үү?

Хэрэв Н.Энхбаярын “оролцоо” иймдээ тулсан бол асуудал өөрт нь халтайгаар эргэж мэднэ. Улсын дээд шүүх улс төрийн намуудыг татан буулгах эрхтэй байдаг. Улс төрийн намын тухай хуульд “…Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байдаг.

Өөрөөр хэлбэл намын дарга, нөхөр Н.Энхбаяраас асуухгүйгээр Улсын дээд дээрх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бий. Тэгэхээр үүнийг тооцоолохгүйгээр Н.Энхбаяр хэрээс хэтийдсэн зүйл сэтгэнэ гэхэд үнэмших ч хэцүү, байх ч хэцүү юм.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж