
Тансаг бүтээгдэхүүний “LVMH” группэд харъяалагддаг “Loius Vuitton” компанийн гүйцэтгэх захирал Ивес Карселл еврогийн ханш унасанд баяртай байгаа бөгөөд энэ талаараа “Үнэндээ би ч ганцаараа ингэж бодож байгаа биш. Өнгөрсөн дөрвөн жил еврогийн ханш бодитой бусаар хэт дээгүүр тогтсон байсан. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ Франц, Италид үйлдвэрлэж дэлхий даяар зардаг тул еврогийн ханш доогуур байгаа нь бидний бизнесийн хувьд муу биш харин ч сайн нөлөөтэй байна” гэжээ. Лондон хотын “New Bond Street” гудамжинд шинээр нээгдсэн “Louis Vuitton” дэлгүүрт аялалын цүнх, тавилгуудыг өрсөн байх бөгөөд үнэ нь 150 ам.доллараас 70,000 ам.доллар хүрэх ажээ. Их Британи еврозоны гишүүн биш хэдий ч сүүлийн хэдэн сард паундын ханш унасан нь Лондонд зорчиж буй гадны жуулчид, тэнд ажилладаг экспат ажилчдын хувьд илүү их зүйл худалдаж авахад сайнаар нөлөөлөөд байна.
“Бид энэ тохиолдолд хэдэн сая хүн биш, хэдэн мянган хүний талаар ярьж байна. Гэхдээ энэ бол хямралыг дагаж унаагүй салбар” гэж мэргэшсэн үйлчлэгч буюу консиержийн үйлчилгээ үзүүлдэг “Quintessentially” компаний менежер Бен Эллиот тансаг бүтээгдэхүүний зах зээлийн талаар ярьж байна. Энэ долоо хоногт судалтай хээтэй сонгодог хэрэгслүүдээрээ алдартай Их Британий “Burberry” дэлгүүрийн ашиг өнгөрсөн жилтэй харьцуулбал 23 хувиар нэмэгдсэн гэсэн мэдээ гарсан. Өнгөрсөн жил борлуулалт нь хүндхэн байсан Швейцарийн “Richemont” компаний дөрөвдүгээр сарын борлуулалт өмнөх сараас 24 хувиар нэмэгдсэн байна. Эднийх “Cartier”, “Montblanc” брендүүдийг эзэмшдэг. Түүнчлэн Францын “Hermes”, “Prada”-гын борлуулалт мөн өссөөр байна. Тэгвэл хямрал хэнд нөлөөлж байна вэ? “Richemont” компанийн дэд захирал Richard Lepeu энэ талаар болгоомжтой дүгнэлт хийх хэрэгтэй гэж сануулж, “Барууны ертөнцөд болж байгаа зүйл бол тийм ч сайшаагууштай зүйл биш. Үүнтэй төстэй зүйл Америкт болбол яах вэ? Одоо байгаа ганц сайн мэдээ бол Ази-Номхон далайн эдийн засаг өссөн хэвээрээ байгаа” гэж “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Т.Бадрах
0 сэтгэгдэл