Ерөнхий сайд суудалдаа үлдэв

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд суудалдаа үлдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр олны анхаарлын төвд байсан хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхнийх нь Швейцарьт нууц данстай байснаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй тул УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой хэмээн хүсэлтээ тавиад байсан С.Баярцогт гишүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Түүнийг гишүүдийн 87.5 хувийн саналаар “УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй” хэмээн үзсэн юм. Хуралдаанд нийт 74 гишүүн оролцсоноос 56 нь дэд даргын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн билээ.

Гэхдээ УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга “С.Баярцогт гишүүн нь зөвхөн УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх нь хангалттай хариуцлага биш. Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ёстой. Харамсалтай нь, энэхүү чуулганы танхимын баруун, зүүн жигүүрт олон, олон С.Баярцогт нар сууж байгаа тул хаацайлаад өнгөрөх байх” гэдэг байр суурийг ч илэрхийлж байсан билээ.

Мөн чуулганаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүнээс тавьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай байлаа. Цөөнхийн бүлгийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тавьсан нь үндсэндээ Засгийн газрыг бүхэлд нь унагах санааг агуулж байсан гэж хэлж болно. Үүнийгээ ч бүлгийн дарга Н.Энхболд бүлгийн танилцуулгыг хийх үеэрээ  онцлон тэмдэглэсэн билээ. Энэ бүлгийнхний хувьд Ерөнхий сайдыг огцруулахаар есөн зүйл бүхий шаардлага тавьсны дотор Тавантолгойн тендэрт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатан садан оролцож, ялсан болохыг баталгаажуулсан баримтыг дэлгэсэн нь хамгийн анхаарал татах асуудал байв. Гэхдээ үүнийг олонхийн бүлгийн гишүүд “Шүүхээр батлагдаж нотлогдоогүй зүйлээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавих нь үндэслэл болж чадахгүй” хэмээн няцаасны зэрэгцээ “Хэрвээ энэ асуудлыг шүүхээр нотолж, Ерөнхий сайд ашиг сонирхлын зөрчилтэй ажиллажээ” хэмээн үзсэний дараа огцруулах асуудлыг тавьсан бол олонхийн бүлгийн хувьд асуудалд өөрөөр хандах байлаа” гэсэн нь нэг талаар санал хураах шатанд нөлөөлөв.

Санал хураалтад нийт 69 гишүүн оролцсоноос УИХ дахь МАН-ын бүлгийн 23 гишүүн “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой” гэсэн эсрэг кноп дарж үлдсэн 46 гишүүн шаардлагагүй хэмээн үзсэнээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан тушаалдаа үлдлээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн тайлбарласнаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг аливаа нам, эвсэл УИХ-д дахин тавих бол зургаан сарын дараа тавих ёстой. Үүгээр бол ирэх өвлөөс нааш энэ асуудлыг сөрөг хүчний зүгээс тавих боломжгүй гэсэн үг юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж