“Харанга”-ын Лхагваагийн шинэ уран бүтээл төрлөө

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын Лхагваагийн шинэ уран бүтээл төрлөө

Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн "Азийн цагаан дагинын мишээл буюу Богд хатан ээжийн өлмий батдах дуулал оршив" хэмээх цоо шинэхэн уран бүтээлийн бичлэгийг “Брос Рекордс”-ын хамт олон хийж дуусгаад байна.

Гайхамшигтай үг утга бүхий энэхүү дууны хубис хөгжмийг “A Sound” хамтлагийн гитарчин Алтангэрэл буюу Атка хөгжимдөж, хөгжмийн найруулгыг продюсер Г.Онон хийсэн юм.

Сонирхуулахад, бүхэлдээ бурханы ном мэт болсон энэхүү уран бүтээлийн үгийг Зава Дамдин Ренбүчи Лувсан Даржаа бичсэн бол аялгууг нь Х.Лхагвасүрэн зохиожээ.

Азийн цагаан дагинын мишээл буюу Богд хатан ээжийн өлмий батдах дуулал оршив

Агуужим тэнгэр мэт амирлангуй мэлмийтэй
Азийн цагаан дагина аргал түүх нь гайхамшигтай
Ааруултай цайгаа уугаад мишээн суух нь үзэсгэлэнтэй
Арга билиг хоёрыг араг савартаа багтаасан байх юмаа
Тэнгэрийн цагаан дагина газар буусан нь их л сонихон
Тэртээ түмэн оноос Монголыг сахьсан нь гайхамшигтай
Тэнүүн их говь хангайдаа хослон суусан нь үзэсгэлэнтэй
Тэрэг тэмээ хоёртоо тэнгэр газрыг холбосон байх юмаа
             Ээрэм хээр талдаа эрдэнийн цагаан дагина
              Эрхэт дээдсийн сүлдийг элэг зүрхэндээ хадгалсан байна
              Эрхэм бодийг хүртлээ энхрий хүүгээ тэврээрэй
              Эрин галбыг хүртлээ өлмий батдан суугаарай
Хөр цасан хаялсан хүйтэн сэрүүн нутаг дор
Хүслийн цагаан дагина хүүгээ санан суух юм даа
Хөх Монголын голомтыг нь хүйгээ холбон сахисан байна
Хүрэл тулгандаа амгалан хоосныг багтаасан нь гайхамшигтай
Будалын орноос хувилсан бодлын цагаахан дагина
Буурал өвгөдийн шүтээнийг зүрхэндээ нандигнасан байна
Бурханы хутгыг олох хүртлээ бумбатай сүүг нь зооглоно доо
Буман галбыг хүртлээ өлмий батдан суугаарай
            Ээрэм хээр талдаа эрдэнийн цагаан дагина
            Эрхэт дээдсийн сүлдийг элэг зүрхэндээ хадгалсан байна
            Эрхэм бодийг хүртлээ энхрий хүүгээ тэврээрэй
            Эрин галбыг хүртлээ өлмий батдан суугаарай


Азийн цагаан дагинын мишээл буюу Богд хатан ээжийн өлмий батдах дуулал оршив дууг эндээс татаж аваарай

Сонирхуулахад, Хубис хөгжмийг манай тооллоос өмнөх I зууны эхээр монгол түрэг үндэстэнүүд эртний ятга болон ятгалигаас санаа авч бүтээсэн бөгөөд мартагдах шахсан уг хөгжмийг “BRO’S records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомогтоо сэргээн хөгжимдсөн юм. Энэ удаад уг хөгжмийг “Харанга”-ын Лхагваа шинэ уран бүтээлдээ дахин эгшиглүүлжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж