УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж дэмжлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр саналаа хэлсэн юм. Тэрээр Монгол судлалыг дэмжих сангийн тухайд зөвхөн хэл судлал, түүх гэсэн талаас нь хандаад байна. Биет бус өвийн тухай Монгол судлалд оруулах ёстой. Энэ асуудлыг арай өргөн хүрээнд авч үзмээр байна. Асуудал явцуу хүрээнд байгааг хэд хэдэн гишүүн хэлсэнтэй санал нэг байна. Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр хэдэн сургууль дээр ямар арга хэмжээ авах гэж байгаагаа тодорхой болгох ёстой. Намайг Боловсролын сайд байхад гадаад нэг эрхэм Бурхан Халдун ууланд шинжилгээ хийх хүсэлт тавьсан, би татгалзсан хариу өгсөн. Гэтэл манайд байгаа Монгол судлалын төвүүдээр дамжуулаад зөвшөөрөл авч, шинжилгээ хийчихээд одоо дэлхий даяар шуугиулаад явж байна. Энэ мэт уялдаа холбоогүй ажлаа болих хэрэгтэй” гэж байлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 66.5 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн бол Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг мөн гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжин “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ