Уул уурхайг дагалдан хөгждөг олон бизнес байгаагийн нэг нь тэсэлгээ хийх, тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах зэрэг юм. Эдгээр үйчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэдэг бөгөөд одоогийн байдлаар нийт 138 аж ахуйн нэгж байгууллага 198 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна. Энэ оны эхэнд УИХ-аар баталсан “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулиар Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийг салбарын яамны дэргэд бий болгосон. Энэхүү мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр тэсэлгээний чиглэлийн бүх аж ахуйн нэгжид аттестатчилал явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар тэсэлгээний мэргэжлийн зөвлөлд шинээр тусгай зөвшөөрөл авахаар найм, зөвшөөрлөө сунгуулахаар дөрвөн аж ахуйн нэгж хүсэлт гаргаад байгаа гэнэ. Дашрамд сануулахад, шинэ хуулиар үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 49 хувиас хэтрэхгүй байхаар заасан байдаг ажээ.
Д.ЦЭЭНЭ