Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 дугаар сарын 3-нд болно. Энэ өдрийг угтан Мэдээллийн Сайтуудын Ассоциаци “Онлайн марафон” аяныг бүтэн жилийн хугацаанд явуулахаар болжээ. Энэ талаар тодруулахаар тус ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэлтэй уулзлаа.
-“Онлайн марафон”-ыг хэрхэн зохион байгуулах гэж байгаа талаар ярицлагаа эхлэх үү?
-Мэдээллийн Сайтуудын Ассоциаци байгуулагдаад хоёр дахь жилдээ үйл
ажиллагаа явуулж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр удахгүй
болно. Хэвлэл мэдээллийн салбарынхан энэ өдрийг жил бүр уламжлал болгон
тэмдэглэж ирсэн. Зөвхөн баяр ёслолын байдлаар биш хагас эрх чөлөөгөө
бүтэн болгохын төлөө дуу хоолойгоо хүргэх, эрхээ хамгаалахын төлөө
тэмцэх нь чухал гэж манай ассоциацийнхан шийдсэн юм.
Мэдээллийн Сайтын Ассоциацийн хувьд энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан “Бүтэн эрх хаана байна” уриан дор “Онлайн марафон" аяныг эхлүүлж байна. Энэ аян нэг жилийн хугацаатай үргэлжилнэ.
Тодруулж хэлбэл, 2013 оны тавдугаар сарын 3-наас 2014 оны тавдугаар
сарын 3 хүртэл явагдана гэсэн үг. Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх
учраас үр өгөөж арвинтай байна гэдэгт найдаж байгаа.
-Хагас эрх чөлөө гэдгээ тодруулахгүй юу?
-Өнөөдөр Монгол Улсад ардчилал хөгжөөд 23 жил болж байна. Гэтэл дэлхий
дахинд Монгол Улс хагас хэвлэлийн хэвлэлийн эрх чөлөөтэй орон гэсэн
үнэлэмжтэй байсан хэвээр. Харин ч жил ирэх тусам хэвлэлийн эрх чөлөөний
индексээрээ ухарсаар байгаа. Хил хязгааргүй сэтгүүлчид (Reporters
Without Borders) хэмээх байгууллага нь 1985 онд үүсгэн байгуулагдсан
Францын Парис хотод төвтэй ашгийн бус байгууллага.
RWB нь мэдээллийн эрх чөлөө, хэвлэн
нийтлэх эрх чөлөөг хамгаалах, мониторинг хийх үйл ажиллагаа эрхэлдэг.
НҮБ-ын зөвлөх статустай байгууллага юм. Жил бүр өөрсдийн гаргасан
аргачлалаар Улс гүрнүүдийг хэвлэл мэдээллийн эрх чөлөөг индексжүүлж
жагсаалт болон тайлан гаргадаг. Монгол улсын хувьд 2002 оноос тус
байгууллагын мониторингд хамрагдаж эхэлсэн. Хэвлэлийн Эрх чөлөөний
индекс нь Дэлхийн улс орнуудын Эрх чөлөөний индексийг тооцоход ихээн
нөлөөлдөг юм байна.
2005 онд Монгол Улс 50 дугаар байранд орж байсан бол 2013 оны байдлаар
98 дугаар байранд оржээ. Найман жилийн хугацаанд бүтэн 48 байр хойшоо
ухарчээ. Энэ нь хэвлэлийн эрх чөлөө улам л хумигдаж байгааг илтгэж
байгаа үзүүлэлт шүү дээ.
Ардчилсан Монгол Улс улам хөгжөөд байдаг ч хэвлэлийн эрх чөлөөний
индексээрээ сүүл мушгих дээрээ тулж байгаатай эвлэрээд суугаад байж
болохгүй. Сэтгүүлчид хүний төлөө, бусдын эрх ашгийн төлөө үргэлж
тэмцдэг хэрнээ өөрсдийнхөө төлөө дуугардаггүй. Манай нэрт сэтгүүлч
Ц.Дашдондов гуайн хэлсэн үг байдаг даа. “Хэвлэлийн эрх чөлөөг төр
засагтай амраглаж байж олдоггүй, харин байлдаж тэмцэж байж олдог” гэж.
Тогоон дотор нь “буцалж” байгаа бид л санаачлага гаргаж, нэгдэж нийлж
тэмцэхгүй бол хэн бидний өмнөөс дуугарах, асуудал дэвшүүлэх билээ дээ.
Энэ утгаараа бид “Бүтэн эрх хаана байна”
хэмээн уриа дэвшүүлж, таван зорилт тодорхойлж, бүтэн жилийн турш аянаа
явуулах юм. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлхий нийт “Хэлэх эрхээ хамгаалъя” гэсэн уриа дэвшүүлсэн байна лээ.
Манай орны хувьд хэлэх эрх нь байна уу, хамгаалах хэмжээнд хэлэх эрхтэй
байна уу гээд бодохоор эргэн харах зүйл бишгүй байна. Хэлэх эрхтэй
хүмүүс нь тэрийгээ хамгаалъя гэж байгаа бол манайд хэлэх эрх байхгүй
учраас хамгаалах зүйлгүй болчихоод байна гэхэд хатуудахгүй байх. Тиймээс
ч хамгаалахаасаа илүү эхний ээлжинд хэлэх эрхтэй байя, хагас эрхээ
бүтэн болгоё гэж зорьж байгаа хэрэг .
-Энэ аянд сонирхсон байгууллага, хувь хүмүүс оролцож болох уу?
-Энэ аяныг Мэдээллийн сайтуудын ассоциацийн санаачлагаар эхлүүлж байгаа ч
гэсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, холбоод, төрийн бус
байгууллагууд, иргэд нэгдээсэй гэж хүсч байна. Оролцох боломж нь
нээлттэй. Олны хүч оломгүй далай гэдэг. Нэг, нэг хэсгээрээ биш
нийтээрээ дуугарч, нийлж тэмцэж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Эх
баригчид, хууль тогтоогчид ч анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна.
-Яагаад “Бүтэн эрх хаана байна” гэсэн уриаг сонгох болсон юм бэ?
– Үнэхээр өнөөдөр “Бүтэн эрх хаана байна”
гэсэн асуултыг тавих цаг нь болсон гэж боддог. Хэвлэлийн эрх чөлөөний
индекс нэг дахин ухарсан нь Монголд хэвлэлийн эрх чөлөө ямархуу
байгаагийн нэг илэрхийлэл. Чөлөөт хэвлэл бол ардчиллын амин сүнс.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг өргөн утга агуулгатай. Зөвхөн бичих,
нийтлэхийг хэлэхгүй. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх гээд л.
Ер нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх
эрхээ эдлэхэд нь зарим иргэдэд хамгаалал хэрэгтэй болдог шүү дээ.
Тиймээс сонин хэвлэл, сайт, телевиз радиогийнхонд мэдээлэгчийг
хамгаалах, эх сурвалжаа нууцлах хууль, эрхзүйн баталгаа дулимаг байна.
Аливаа төрийн байгууллага болон бусад газруудад бугшсан авлига, хээл
хахуулийг илчилчиж байгаа иргэн хүнийг, түүнийг олонд ил болгосон
сэтгүүлчдийг дандаа эрсдэл дагадаг. Иргэнээ, сэтгүүлчээ хамгаалах
үүднээс ардчилсан нийгэмд уг хамгаалалтыг бий болгодог юм билээ.
Хэн нэгэн албан тушаалтныг шүүмжилснээрээ хэвлэл мэдээллийнхэн дандаа
буруутаад байх юм бол өнөө дөрөв дэх засаглал байх, хяналт тавих үүрэг
нь хөсөрдөнө. Шүүмжлэлтэй сэтгүүлзүй хөгжихөө болино. Хэрвээ ийм
сэтгүүлзүй байхгүй болбол нийгэм цэвэршихгүй, эрүүл байх ямар ч нөхцөл
бүрдэхгүй шүү дээ.
-Сэтгүүлчдийг эх сурвалжаа хэлэхийг шаардах, шүүхэд дуудах, барьж хорих
нь нэмэгдээд байгаа. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
– Сэтгүүлч бичсэн зүйлийнхээ төлөө хуулийн байгууллагад дуудагдах, их
хэмжээний торгуулийн төлбөрт унах, эх сурвалжаа илчлэхийг шаардсан
дарамтад өртөх гээд олон бэрхшээлтэй тулгардаг. Уг нь сэтгүүлчид эх
сурвалжаа нууцлах эрх бий ч бодит байдал дээр үнэхээр хүндрэлтэй. Манай
сэтгүүлчид үнэн мэдээлэл бичсэн ч түүнийг нотлох баримт тэр бүр
олддоггүй. Үүн дээр дөрөөлж, нэр төрд халдсан мэт ойлголтыг төрүүлдэгийг
хэлэх хэрэгтэй. Сэтгүүлчийг шүүхэд дуудах нь нэмэгдэж , Эрүүгийн
хуулиар шийтгэгддэг сэтгүүлчдийн тоо өссөн судалгаа гарсан байсан.
Хэрвээ барьж хориод, буруутгаад, Эрүүгийн хуулиар шийтгээд байвал
нийгэмд бугшсан “идээ бээрийг” хэн илчилж, олны анхааралд оруулах юм бэ.
-Сүүлийн үед чөлөөт хэвлэлийг
дэмжих биш хааж боох, иргэдийн сэтгэгдэлээр дамжуулан үзэл бодлоо
илэрхийлэх эрхийг хязгаарлах оролдлого нэмэгдсэн гэдэгтэй санал нийлэх
үү?
-Иймэрхүү байдал ажиглагдаж байгаа үнэн. Нэлээд олон телевиз, сайтуудыг
хаасан байгаа. Бас Засгийн газраас сэтгэгдлийг хязгаарлах тогтоол
гаргасан ч бид түүнийг нь эсэргүүцэн тэмцсний хүчинд өөрчлөлт орсон
байгаа. Энэ нь нэг талаар ололт гэж хэлж болох ч бас анхаарах ёстой
асуудал. Үнэндээ сэтгэгдэл бол чөлөөт талбар төдийгүй, уншигчдын орон
зай гэж хэлж болох юм. Үүгээрээ бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс,
уламжлалт сэтгүүл зүйгээс онлайн сэтгүүл зүй ялгарч байгаа. Иргэд
сэтгэгдэлээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Цахим сэтгүүл
зүй гэх сэтгүүл зүйн шинэ салбар үүсч, олон нийтийн таашаалыг хүртэж,
өдгөө хамгийн хүчтэй салбар болоод байгаа. Дөнгөж өндийж , хөгжиж яваа
салбарыг нухчих, сэтгэгдэлээр дамжуулан төр засаг хяналт тавих гэсэн
оролдлого нь бас л хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаагийн нэг илрэл.
Монгол Улсын Ерөнхийлөгч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг
санаачлаад УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад зүс нь хувирч,
дэмжих биш боомилох заалт орсон учир төрийн тэргүүн хаврын чуулганы
үеэр эргүүлэн татсан байгаа. Сайжруулах гэж санаачилсан зүйлийг нь улам
дордуулахаар болгосон учраас Ерөнхийлөгч "Хэвлэл мэдээллийн эрх
чөлөөг муутгасан хуультай байснаас хуульгүй байсан нь дээр" гэж хэлсэн
биз ээ.
-Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг хойш чангаагаад байгаа гол
хүчин зүйл юу юм бол. Хууль эрх зүйн орчин доголдолтой, сэтгүүлчдийг
шийтгэх нь нэмэгдсэн зэрэг нь нөлөөлж байгаа юм болов уу?
-Дэлхийн улс гүрнүүд тэр дундаа ардчилсан орнуудад сэтгүүлчдийг
эрүүгийн хуулиар шийтгэдэггүй. Гэтэл Монгол Улс 2002 онд Эрүүгийн
хуулиа шинэчлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл
дамжуулвал эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Хууль өөрчлөгдөнгүүт
хоёр ч сэтгүүлч тэр ондоо эрүүгийн хэрэгт шийтгүүлээд хоригдож байв.
Түүнээс хойш энэ хуулиар шийтгүүлж байгаа сэтгүүлчдийн тоо нэмэгдсээр
байгаа. Энэ нь нөлөөлсөн гэж судлаачид дүгнэдэг юм билээ. Бас өөрийн
чинь асуусан хууль эрх зүйн орчиноос гадна мөн телевизүүдийг хаагаад,
сэтгэгдэлийг хязгаарлах тогтоол гаргасан зэрэг нь тодорхой хэмжээгээр
нөлөөлж байгааг үгүйсгэхгүй ээ.
-Гэхдээ Монгол хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэгтэй санал
нийлдэггүй хүмүүс олон бий. Сэтгүүлчид юу хүссэнээ бичиж, хүний нэр төрд
ч халдаж байна. Одоо ямар эрхээ нэхээд байгаа юм гээд л…
-Хэвлэлийн эрх чөлөө болон ёс зүйн асуудлаа зуун хувь шийдсэн улс орон
гэж энэ ертөнц дээр бараг байхгүй л болов уу. Тодорхой хэмжээгээр
асуудал бол бий. Гэхдээ манайд хэвлэлийн эрх чөлөө нэг талаас нь аваад
үзвэл чөлөөтэй юм шиг атлаа маш хязгаарлагдмал. Төрийн албан тушаалтан,
эрх мэдэлтнүүд, улстөрчид, бизнесмэнүүд хэвлэлийн шүүмжид ихээхэн
дургүй. Дээрээс нь мэдээллээ өгдөггүй, нууцалдаг. Шүүмжлүүлбэл шүүх
цагдаад ханддаг. Нуулгүй үнэнийг хэлэхэд, хууль шүүхийнхэн ихэвчлэн эрх
мэдэлтнүүдийн талд шийдвэр гаргадаг шүү дээ. Энэ мэтчилэн шударга бус
зүйл байна. Сэтгүүлчид үнэн зүйлийг бичсэн ч нотлох баримт чинь алга
гээд шийтгүүлдэг, буруутгадаг. Тэгэхээр бид яах вэ. Ямар нэгэн гарцыг л
хайх хэрэгтэй болоод байгаа юм. Сэтгүүлзүй өөрөө цэвэр, мэргэжлийн,
хариуцлагатай, ёс зүйтэй байх учиртай гэдэгтэй хэн ч маргахгүй. Миний
хувьд хэвлэл мэдээллийн салбарыг яахаа алдсан, замбараагүй гэж
боддоггүй. Хүний нэр төрд халдсан зүйл байвал түүнийг хууль журмаар нь
шийдээд явж байгаа. Бүгдэд нялзааж болохгүй. Хэрвээ чөлөөт хэвлэлгүй,
хэвлэлийн хагас ч гэсэн эрх чөлөөгүй байсан бол гээд бодоод үзээрэй.
Олон нууц, хууль бус зүйлийг хэвлэлийнхэн л эрсэдлээс, дарамтаас,
хавчлагаас үл шантарч дэлгэж, нийгмийг эрүүлжих зүйл хийсээр байгааг
үгүйсгэхийн аргагүй юм шүү. Тэдний энэ гавьяаг мартах учиргүй.
-Ярилцлагаа ч өндөрлөе дөө. Мэдээллийн сайтуудын ассоциаци гадаад харилцаагаа тэлэхээр олон ажил хийж байгаа гэл үү?
-Мэдээллийн Сайтуудын Ассоциаци өөрийн гэсэн редакцитай, томоохон 30
орчим сайтыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. Оюуны өмчийн асуудал,
онлайн зах зээл, онлайн сэтгүүл зүйн төлөө олон ажил зохион байгуулж
ирсэн. Цаашид ч улам эрчимжүүлж, шинэлэг зүйлийг хэрэгжүүлнэ гэсэн
төлөвлөгөөтэй байгаа. Гадаад харилцаагаа ч тэлж байна. Гадаадын хэд
хэдэн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Саяхан “Канал Франц”
олон улсын байгууллагааас хоёр сургагч багш авчирч онлайн сэтгүүл зүйн
чиг хандлага, вэб сайт ямархуу байх ёстой гэсэн сэдвэрээр сургалт
зохион байгуулсан. Цаашдаа ч хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр яригдаж
байна. Монголын нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн бус
байгууллагууд, сэтгүүлчид, судлаачид, иргэдийг хэвлэлийн “Бүтэн эрхийн төлөө” хамтдаа тэмцье гэж уриалж байгаагаа хэлмээр байна.
ДОРЖПАГМА
Эх сурвалж: www.CHUHAL.mn