“Ахмадын орон сууц” хөтөлбөрт МАН завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт МАН завсарлага авлаа

НИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр болж, “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, “Улаанбаатар орон сууц сан”-ын журмын төсөл, нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлыг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн батлах байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг 14 хоногийн завсарлага авснаар асуудлыг хойшлууллаа.

Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр нь орон сууц зайлшгүй хэрэгтэй байгаа ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс болж орон гэрээ алдсан иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилготой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд баригдах эхний ээлжийн орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж байгаа 7 дугаар хороолол буюу Ногоон нуур орчимд барихаар зураг төслийг боловсруулсан бөгөөд энэ онд 480 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа ажээ. Энэ маягаар жил бүр 1000 орон сууцыг барьж ашиглалтад оруулах боломжтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа аж. Хэрвээ НИТХ-ын хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангийн журмыг хэлэлцэн баталвал энэхүү санд хуримтлах хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд 480 айлын орон сууцыг ашиглалтад оруулах боломж бүрдэх юм байна.

НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч энэ удаагийн хуралдаанаар батлах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн 14 хоногийн завсарлага авчээ. Ингэснээр “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг хэлэлцэн батлах хугацааг хойшлуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Орон сууц хүсч, өдөр бүр миний өрөөнд ирж уулзаж байгаа ахмадуудын зовлонг улстөржиж суугаа Ардын намын та нөхөд мэдэхгүй. Би нэг өдрийн өмнө ч гэсэн энэ хүмүүсийг тав тухтай шинэ орон сууцанд амьдруулахыг хүсч байна. Өнөөдрийн байдлаар орон сууц хүсч, өргөдөл гаргасан 8000 орчим ахмад настан байна. Тэд та бидний шийдвэрийг л хүлээж байгаа. Эдгээр ахмадуудын олонхи нь хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууц авах хүсэлтэй, амьдрах орчин нөхцөлийг минь сайжруулж, орон сууц бэлдээд өгвөл ашиглалтын зардлаа төлөөд амьдрах сонирхолтой байгаагаа надад илэрхийлсэн. Гэтэл цаг хугацаа алдалгүй нийгмийн халамж үйлчилгээ хэрэгтэй байгаа эдгээр хүмүүст төрөөс үзүүлэх энэхүү дэмжлэгийг хэлэлцэхээс татгалзан хойшуулж байгаад харамсч байна” гэв.

Ингээд НИТХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу энэ асуудлыг 14 хоногийн дараа хэлэлцэхээр боллоо.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж