![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/c0b34767884147c5/c06791ba80962525big.jpg)
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахтай холбоотой асуудлын хүрээнд гишүүд саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны 70 мянган залуусыг төлөөлөн үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг тавьснаар төрийн ажил гацаасан явдал байхгүй. Зарим улстөрч ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Өдөр шөнөгүй дуудаж айлгаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг гаргуулж байна. Чадалтай боловсон хүчнийг халчихаад найз нөхөд, бизнесийн түнш, хамаатан саднаа тавилаа. Төрийн албаны хүнд суртал хэрээс хэтэрчихээд байгааг хүмүүс ярьж байна. Бондыг та бүхэн хамгаалаад л байна. Монголбанкны мэдээллийг үзүүлэхгүй гэсэн, УИХ-ын дарга зөвлөлийнхөө хурал дээр. Олонхийн бүлгийн дарга үзүүлэхгүй гэсэн. Хууль зөрчдөггүй Ерөнхий сайдтай болъё, хууль зөрчсөнөө хүлээдэг нүүртэй Ерөнхий сайдтай болъё гэж огцруулах асуудал тавьсан юм гэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Цөөнх арга ядсан баримт материал гаргаж тавьсан нь инээдтэй байна. Шүүхээр хэн нэгнийг буруутайг тогтоогоогүй байхад яллаж болохгүй. Ц.Нямдорж олон хүнийг өнөөдөр луйварчин хулгайчаар нь дуудлаа. Өчнөөн 100 сая төгрөгийн үнэтэй түрээсийнхээ байранд та одоо амьдарч байгаа юу. Хэн нэгний муу муухайг дуудах гэж байгаа бол төрийн түшээдийн хувьд зангарагтай үг хэлмээр байна. Мөн бүлгийн дарга Н.Энхболдод хэлмээр байна. МАН Монгол хүний амь насаар тоглочихоод уучлал гуйсан билүү, 2008 оны долдугаар сард 5 хүний амь нас хохирсон. Үүний төлөө уучлал гуйгаагүй байж, төсвийн 11 тэрбум төгрөгөөр өөрсөддөө ордон барьчихаад одоо дотор нь шоу тоглолт хийгээд сууж байгаа. Бид өнөөдөр өөрсдийнхөө хар муухайг дуудалцвал эцэс төгсгөлгүй юм болно. Сөрөг хүчин нэрийн дор Монголын төрийг та бүхэн гутааж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шоу тоглолт хийж байна” гэж хэллээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанд олонхийн бүлгийн дарга дүгнэлт танилцуулж байна.
Г.ДАРЬ