
Их Хурилдай маргааш болно. Гадаадын төлөөлөгчид маргааш гэхэд цугларч дуусна. Их Хурилдайн төлөөлөгчид хурал дээрээ МАХН-ын даргыг хэлмэгдүүлж байгаа хийгээд Монголд ардчилал “байхгүй болсон” гэх зэрэг улс төрийн сэдэвтэй “хурц дайчин” үгс хэлэлцэх аж. Бас болоогүй Сүхбаатарын талбайд жагсч гадаадын олон орны төлөөлөгчдөд МАХН-ын дарга зүй бусаар ял эдэлж байна гэсэн ойлголтыг төрүүлэх акц үйлдэхээр болжээ.
Монгол орон ардчиллын баталгаа болж, улс орнуудын итгэлийг хүлээж, авлигаа бууруулж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалаад байгаа. Гэтэл улс орноо муу муухайн туйл болгож харагдуулах гэж жагсч цуглагсдыг юу ч гэж ойлгомоор юм.
Гадаад орнуудад ч олон улсын хэмжээний хурал цуглааны үеэр жагсагчид үгээ хэлж, эсэргүүцэл илэрхийлж л байдаг. Ардчиллын өөрийн хэм хэмжээ тэр юм. Түүнээс болж улсын нэр муудах нь ч юу юм. Жагсаал цуглаан ч тэгсхийгээд л мартагддаг. Гагцхүү өөрсдөө ардчиллаа эдэлж жагсч цуглаж уриа лоозон барьж, юу дуртайгаа ярьж байгаа нь Монгол орны ардчиллын баталгаа гэдгийг жагсагчид ухаарах л ёстой. Монгол тийм ардчилалгүй улс юм бол жагсахаас нь өмнө “Хар гар”-т түгжиж орхих байсан гэдгийг “Монгол ардчилалгүй” гэж улсаа муухай харагдуулахыг хүсээд байгаа эрхмүүд бодохгүй л байгаа бололтой. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 26-нд улсаа “булай” харагдуулах гэж жагсч явснаас аяга цайныхаа дэргэд, ач зээгийнхээ хажууд орон гэртээ тааваараа сууж байх нь өвгөд өтгөст өлзийтэй л болов уу даа.