Ногоон хөгжлийн эко форум болно

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Ногоон хөгжлийн эко форум болно

Улсын эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр байгалийн нөөцийн ашиглалтын хэмжээ нэмэгдэж байгаа. Уул уурхайн салбарын хөгжил ч экологийн ул мөр ихтэй байна. Тухайлбал хүлэмжийн хийн ялгарал 65 хувьд хүрсэн нь  байгаль орчинд үзүүлэх нөлөө болоод байгалийн нөөцийн ашиглалт өндөртэйг илтгэж буй юм. Энэ бүхэн эдийн засгийн уламжлалт хэлбэрээс татгалзаж “ногоон” эдийн засагт шилжих зайлшгүй шаардлагатайг нэг талаас баталж байгаа юм.

Монголын Энтерпренерүүдийн холбооноос санаачлан Байгаль орчин ногоон хөгжлийн яам, МҮХАҮТ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “С1” ТВ, “Өнөөдөр” сонин хамтран “ногоон” бизнесийн санаачлагыг өрнүүлэх “ЭКОПРЕНЕР-2013” хөтөлбөрийн хүрээнд “Монголын ногоон хөгжлийн эко форум”-ыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш “Blue sky tower”-т болно. Хэлэлцүүлэгт БОНХЯ, ЭЗХЯ, ХЯ, БШУЯ, УИХ дахь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан  болон АНУ-ын Азийн сангийн Монгол дахь төлөөлөгч хатагтай Милани Линпберг нар оролцоно. Мөн Японы ЭСЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл ирэх ажээ. “Ногоон” хөгжлийн төлөөх төрийн оновчтой бодлого төрүүлэхэд иргэд, залуучууд, нийгмийн бүлгүүд, бизнесийн салбарынхны дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой юм. Монголд эко бизнес хөгжих боломж бий юу, эко инноваци төслүүдийг санхүүгийн хөрөнгө оруулалтын механизмаар дэмжиж чадаж байна уу, дээрх  төслүүдийг бодит бизнес болгох нөхцөл бүрдүүлэх, бусад механизм манайд байгаа юу гэсэн асуултуудыг тойруулан хэлэлцэх юм.  Хэлэлцүүлгийн дараа ч ногоон ажлын байр гэдэг ойлголтыг олон нийтэд таниулах, төрөөс бодлогоор дэмжих, ногоон бизнесээс гарсан  бүтээгдэхүүн үйлчилгээг төрөөс дэмжих талаар ч хэлэлцэж, ярилцах юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж