
Монголын Энтерпренерүүдийн холбооноос санаачлан Байгаль орчин ногоон хөгжлийн яам, МҮХАҮТ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “С1” ТВ, “Өнөөдөр” сонин хамтран “ногоон” бизнесийн санаачлагыг өрнүүлэх “ЭКОПРЕНЕР-2013” хөтөлбөрийн хүрээнд “Монголын ногоон хөгжлийн эко форум”-ыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш “Blue sky tower”-т болно. Хэлэлцүүлэгт БОНХЯ, ЭЗХЯ, ХЯ, БШУЯ, УИХ дахь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон АНУ-ын Азийн сангийн Монгол дахь төлөөлөгч хатагтай Милани Линпберг нар оролцоно. Мөн Японы ЭСЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл ирэх ажээ. “Ногоон” хөгжлийн төлөөх төрийн оновчтой бодлого төрүүлэхэд иргэд, залуучууд, нийгмийн бүлгүүд, бизнесийн салбарынхны дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой юм. Монголд эко бизнес хөгжих боломж бий юу, эко инноваци төслүүдийг санхүүгийн хөрөнгө оруулалтын механизмаар дэмжиж чадаж байна уу, дээрх төслүүдийг бодит бизнес болгох нөхцөл бүрдүүлэх, бусад механизм манайд байгаа юу гэсэн асуултуудыг тойруулан хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийн дараа ч ногоон ажлын байр гэдэг ойлголтыг олон нийтэд таниулах, төрөөс бодлогоор дэмжих, ногоон бизнесээс гарсан бүтээгдэхүүн үйлчилгээг төрөөс дэмжих талаар ч хэлэлцэж, ярилцах юм байна.