Тавантолгойн уурхайд гүний гааль байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.25-нд нийтлэгдсэн

Тавантолгойн уурхайд гүний гааль байгуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт гурван сар завсарласны эцэст энэ долоо хоногийн даваа гаригаас дахин сэргэв. Тус компани нэг тонн нүүрсийг олборлож, тээвэрлэн, нийлүүлэхэд 56 ам.доллар зарцуулдаг. Гэтэл  Чалко нэг тонн нүүрсийг 53 ам.доллараар үнэлсэн болохоор экспортыг зогсоохоос аргагүйд хүрсэн гэдгийг тус компанийн захирал Я.Батсуурь манай сайтад өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан. Тэгвэл саяхнаас Чалко 56 ам.доллар буюу өртгөөр нь авахаар шийдсэн болохоор ийн нүүрсээ экспортолж эхэлсэн. Огт ашиггүй гагцхүү зардлаа нөхөх хэмжээнд  бүтээгдэхүүнээ борлуулдаг хууль зах зээлд үгүй. Дээр нь зах зээл дээр нүүрсний үнэ хэд хүртэл өссөн байлаа ч Чалкод дээд тал нь 70 ам.доллараар нийлүүлнэ гэж заажээ. Энэ бүхнийг өмнөх Засгийн газрын үед үзэглэсэн юм. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар болон Уул уурхайн яамнаас Чалкотой хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг зах зээлд нийцүүлэхээр хэлэлцээ хийж байна. Одоогийн байдлаар нүүрсний үнийг гэрээнд зааснаас өсгөх, тээврийн зардлыг бууруулах зэрэг нааштай алхам байгаа ч гэрээг бүхэлд нь дүгнэхэд эрт байгаа гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээр дамжуулан хятадын талд экспортолж байсан бол уурхай дээр гүнийн гааль байгуулж Ганц модны боомт руу шууд тээвэрлэж нийлүүлэхээр тохиролцжээ.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж