Оюутолгой ХХК зургадугаар сараас баяжмалаа экспортолж эхэлнэ. Техник эдийн засгийн үндэслэлд зааснаар бол жилд нэг сая тонн баяжмал гаргаж байхаар заасан ч эхний ээлжинд 300-500 мянган тонныг экспортлох нь гэдгийг Уул уурхайн яамныхан мэдээллээ. Баяжмалын хэмжээ нэг саяд хүрэхгүй байгаа нь тухайн компанийн үйл ажиллагаанаас хамаарсан хэрэг биш бөгөөд баяжмал зөөх зам, нэвтрүүлэх гаалийн боомтын ачааллаас шалтгаалсан шийд гэнэ. Оюутолгойн бүтээн байгууллалтыг яаравчлахын тулд шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, уурхайгаас Гашуунсухайт хүрэх автозамын ажил болон гаалийн бүрдүүлэлт, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн коридор зэргийг ойрын хугацаанд бий олгохоор ажлаа эхлээд байгаа ажээ. Зам тээврийн яам болон Оюутолгой ХХК, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн төлөөлөл хамтран ирэх оны эхэн хүртэл одоогийн сайжруулсан хайрган замаар баяжмалыг зөөвөрлөхөөр тохиролцсон байна. Ингэхдээ дан чиргүүлтай байх аж. Харин Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэл “Энержи Ресурс” компанийн тавьсан хатуу хучилттай замыг ашиглах юм.
Д.ЦЭЦ