НМХГ-ыг хангалтгүй ажиллаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

НМХГ-ыг хангалтгүй ажиллаж байна гэв

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явцтай танилцлаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир “Нийслэлд барилгын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, зөрчил гаргасан 498 аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах тухай албан шаардлага хүргүүлсэн. Эдгээр байгууллагууддын 64 хувь нь зөрчлөө арилгасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн бол 36 хувь нь хариу ирүүлээгүй байгаа. Хариу ирүүлээгүй байгууллагуудад зохих хуулийн дагуу хариуцлага тооцсон” гэсэн мэдээллийг хурлын үеэр өгч байв.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн дээрх ажлуудыг хангалтгүй гэж Удирдлагын зөвлөлийн гишүүд үзжээ. Тухайлбал, барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй ажиллаж байгаа байгууллагуудад одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байгаад Удирдлагын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дотоод бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх, барилгад хяналт тавих байцаагчийн тоог нэмэгдүүлэх шаардлага байгааг нийслэлийн удирдлагууд онцолжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж