Мөнгөн гуйвуулгын хэмжээг тооцох судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

Мөнгөн гуйвуулгын хэмжээг тооцох судалгаа хийжээ

Гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудын эх орон руугаа илгээж буй мөнгөн гуйвуулгын хэмжээ жилээс жилд нэмэгдэн, улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй. Тиймээс Монголбанкнаас энэ секторын үзүүлэлт, харьцуулалтыг бодитоор гаргах хүрээнд “Чех улс дахь монголчуудын холбоо” ТББ-тай хамтран Бүгд найрамдах Чех улсад ажиллаж амьдарч буй иргэдийн мөнгөн гуйвуулгын хэмжээг тооцоолох түүвэр судалгаа хийжээ.

Гадаадад оршин суугаа Монгол иргэдийн тоогоор БНЧУ нь гуравдугаарт ордог бөгөөд тэдний 70 орчим хувь нь хувиараа болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад ажээ. Чехийн гадаад иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн газрын бүртгэлээр тус улсад 2012 оны 11 дүгээр сарын байдлаар 5338 монгол иргэн оршин сууж байгаагаас түүвэр судалгаанд 427 иргэн буюу 8%-ийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдагсдын 85% нь тодорхой давтамжтайгаар эх орон руугаа мөнгө гуйвуулдаг бөгөөд нэг иргэний шилжүүлгийн дүн жилд дунджаар 2,041 ам.доллар байна. Үүний 50 орчим хувийг банкны системээс гадуур буюу гуйвуулгын бусад арга хэрэгслээр дамжуулан шилжүүлж байна. Өрөөр хэлбэл, 2012 оны байдлаар цэвэр дүнгээр ойролцоогоор 4.6 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютыг эх орон руугаа шилжүүлсэн дүн гарсан тухай Төв банкнаас мэдээллээ. Судалгааны эх хувилбарыг ЭНД дарж сонирхох боломжтой.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж