МАН “Говь повер”-ын талаар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

МАН “Говь повер”-ын талаар мэдээлэл хийв

УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийнхний хувьд Тавантолгойн тендэрт Ерөнхий сайдын хамаатны компани оролцож, ялсан эсэхийг тодруулах, Монголбанк Чингис бондын мөнгөөр их хэмжээний алт худалдан авсан эсэх, төрийн албаны орон тоо өмнөхөөс хэдэн хувиар өсөв гэдгийг тус бүр тодруулах шаардлагаар өнгөрсөн хоёр өдрийн турш ажилласан байна.

Ажлын хэсгийнхэн дээрх гурван чиглэлээр ажиллахдаа, Тавантолгой компанийн тендэрт “Говь повер” компани оролцож, ялсан гэх мэдээлэл үнэн болохыг тогтоосон гэлээ. "Тендэрт ялсан тус компанийн захирал Г.Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийнх нь төрсөн охин.  Харин Г.Дэнзэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашихын зэрэгцээ “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Дээрх компанийн захирлыг Ерөнхий сайдын дүү Г.Уянга гэдгийг олон нийтэд мэдээлсний
дараа бичиг баримтыг нь Уянга гэх өөр хүний нэр дээр болгосон байна" гэх зэрэг тайлбарыг МАН-ын гишүүд өгч байна. “Говь повер” компанийн хувьд Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө компанийн өөрийнх нь үнэлгээ нэг сая төгрөг байсныг Г.Уянга худалдан авч, нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчлөн, нэг тэрбум төгрөгийн үнэтэй болгож, тендэрт оролцоод ,долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авсан хэмээн тэд мөн хурлын үеэр мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр  "Уг нь Эрдэнэс тавантолгой” компанийн шинэ захирал Тавантолгойн уурхай дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсээ гаргая гэхэд Гаалиас хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл дунд нь “Говь повер” компани гарч ирж, энэ ажлыг хийхээр тендэрт шалгарсан нь төрийн компаниудыг зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлж, дундаас нь хөрөнгө мөнгө завшдаг завхрал руу явуулж байна. Тавантолгойн орд бол Монголын нийт ард иргэдийн өмч. Иргэн бүр тус ордоос 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. “Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаа сайн байвал  иргэд хувьцаагаа эзэмшээд, ногдол ашиг хүртэх ёстой. Нөгөө талаас 1000 гаруй компани хувьцаа худалдан авахаар мөнгөө төлсөн байдаг. Гэтэл энэ бүхэнд хараа хяналт тавих иргэний төлөөлөл өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компанид огт байдаггүй нь эргээд Ерөнхий сайдын хамаатан садны компани тендэрт шалгарч, хуулийг ноцтойгоор зөрчсөн асуудал нь Ерөнхий сайдын хувьд огцрохоос аргагүй үндэслэл болно” гэж байлаа. Түүнчлэн дээрх асуудалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Тагнуулын ерөнхий газарт хандаж, нөхцөл байдлыг шалгуулна хэмээн МАН-ын гишүүд мэдэгдээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж