
-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Намайг Болдбаатарын Ариунгэрэл гэдэг. 24 настай. Ах эгч хоёр маань айл болоод тусдаа гарсан. Одоо ээж дүүгийн хамт амьдардаг. “Монгол” дээд сургуулийн гаалийн ангийг төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ ажилладаггүй. Хувиараа гутал цүнх засвар ажиллуулж байна.
-Энэ ажлыг хийгээд хэр удаж байна вэ?
-Арав гаруй жил болж байна. /инээв/ Ер нь бол гуравдугаар ангиасаа гар урлалын зүйл хийж сурсан. Гэрээрээ бүтээгдэхүүнээ хийгээд УИД, “Цэцэг” төв гэх мэт газар гэрээгээр нийлүүлж бараагаа заруулдаг байлаа. Тогтмол газар түрээслэж ажиллаад нэг жил болж байна.
-Гар урлалын бүтээгдэхүүн хийх, цүнх гутал засахыг яаж сурсан бэ?
-Сургалт энэ тэрд сураагүй. Миний ээж оёдолчин. Ээжээсээ сурсан гэж хэлж болно. Цүнхний хувьд хүмүүс өөрсдөө эвдэрсэн юмаа засах гэж ерөөсөө оролдож үздэггүй. Яг оролдоод үзэхээр амархан байдаг. Ер нь бол өөрийн сонирхлоороо оролдож байгаад л цүнх засч сурсан.
-Ер нь ингэж хувиараа хөдөлмөр эрхлэх, хэн нэгний удирдлага дор ажиллах хоёрын ялгаа юундаа байдаг бол?
-Хүмүүсийг харж байхад цалингаас цалингийн хооронд амьдрах юм. Би ажил амралт, орлого зарлагаа өөрөө л зохицуулна. Хэнээс ч хараат бус. Надад цалин хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Орлогоороо түрээсээ төлөөд бас гуталчингаа цалинжуулаад, материалаа аваад болгодог юм.
-Гутал засварчингаа бас цалинжуулдаг юм уу. Сарын хэдэн төгрөгийн цалин өгдөг вэ?
-Тийм ээ. Манай ээжийн дүү. Сарын 400 мянган төгрөгөөр цалинжуулдаг юм.
-Байрны түрээс гэж сард хэдэн төгрөг төлдөг вэ. Гутал засварчингаа цалинжуулна, байрны түрээс төлнө, материалаа авна гэхээр ашиг гарах юм уу?
-Өнгөрсөн сард нэг сая 800 мянган төгрөгийн орлого олсон. Түүнээсээ цалин, түрээсээ өгч материалаа аваад 700-800 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ажлын байраа сарын 350 мянгаар түрээслэдэг.
-Ажлын чинь хамгийн сайхан нь юу вэ?
-Хүмүүст туслаад хажуугаар нь өөрийн хөлс, сэтгэлээ шингээж хийсэн ажлаараа мөнгө олж чадаж байгаа нь сайхан. Хүнээс гуйхгүй хүнд дараа болохгүй амьдралаа аваад явна гэдэг.
-Чиний цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?
-Хүнээс дор орохгүй сэтгэл амар сайхан л амьдрах юмсан гэж боддог. Гэхдээ тэр сайхан амьдралаа зөв замаар, зөв сэтгэлээр хэнээс ч ичихээргүй бүтээх хэрэгтэй. Ээжийнхээ ачийг хариулж, дандаа баярлуулж байхыг юу юунаас ч илүү хүсдэг. Үр хүүхэд нь зөв сайн явбал ээж минь жаргалтай байна гэж боддог. Өөрийн хүчээр, зөвөөр амьдралаа цогцлоохыг зорьж явна. Эцэст нь хэлэхэд хүн аль болох зовохгүй, амар хялбараар амжилтад хүрэх сонирхолтой байдаг. Эсвэл нэг сайхан газар, гоё хувцас өмсөөд сууж байхыг илүүд үздэг. Миний бодлоор хөлсөө урсгаж олсон зүйл гэдэг их бага нь хамаагүй амттай сайхан байдаг. Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй өөрийн хөлс хүчийг шингээж олсон зүйлийг эдлэж хэрэглэхэд хүртэл сайхан байдаг шүү дээ. Залуус маань амар хялбар аргаар амьдрах биш тэмцэж амьдраасай гэж хүсдэг. Тэмцэнэ гэдэг нь хэл амаараа дуугараад байх биш, өөртөө оногдсон ажлаа л сайн хийхийг хэлнэ гэж ойлгодог.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин