“ТЭЦ-5-ын шалгаруулалт хөшигний цаана байх ёсгүй”

Хуучирсан мэдээ: 2013.04.24-нд нийтлэгдсэн

“ТЭЦ-5-ын шалгаруулалт хөшигний цаана байх ёсгүй”

Тавдугаар цахилгаан станцыг хотоос холгүйхэн орших Хөлийн голын хөндийд  барих шийдвэр гарлаа. Засгийн газар асуудлыг шийдэж, ажлыг энэ онд багтаан эхлүүлэх үүргийг Эрчим хүчний яаманд өгөв. Олон жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хүртэл ярианаас хэтрээгүй станцын талаар хүмүүс олон янзын бодолтой байна. Хөлийн голын хөндий буюу нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр барих нь буруу гэсэн нэг хэсэг байхад нүүрсний уурхайгаа түшиглэн барих байсан юм гэх нь ч бий. Тиймээс өнөөдөр болсон Эрчим хүчний сайд М.Сономпилийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ТЭЦ-5-ын талаар юу яригдсаныг хүргэе.

-ТЭЦ-5-ыг нийслэлийнхний ундны усны эх үүсвэрт барих болсны шалтгаан юу вэ. Байршлын хувьд өөр газар сонгох боломж байсан уу?

-Станцын тендер 2011 оны есдүгээр сард анх зарлагдаж, 2012 оны тавдугаар сарын 7-ны өдөр тендерийг нээн, хоёр компанийг сонгоод байгаа. Станцын ТЭЗҮ-г Азийн хөгжлийн банкны тусламжаар боловсруулсан ч барих газрыг товлоогүйгээс өнөөдрийг хүрсэн. Засгийн газрын хуралдаанаар л гэхэд долоон удаа энэ асуудлыг хэлэлцжээ. Өнгөрсөн оны сүүлчээр Хөлийн голын хөндийд барьж байгуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт эл газрыг 15 жилийн хугацаатай  эзэмших эрхийг Эрчим хүчний яаманд өгөөд байгаа юм. Тун удахгүй байгаль орчны яамтай хамтран байгаль орчны үнэлгээ хийнэ. ТЭЦ-5 нь сүүлийн жилүүдэд манай салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт төдийгүй концессийн хуулиар хийж буй анхны томоохон  төсөл гэдэг утгаараа нарийвчлан боловсруулах ажлууд байна. Концессийн гэрээ 25 жилийн хугацаатай хийгдэнэ. Гэрээг дагалдан газар эзэмших, ус ашиглах, нүүрс худалдан авах, цахилгаан, дулаан худалдах гэрээ гэхчилэн хийх гэрээ цөөнгүй. Тиймээс ул суурьтай хандахгүй бол хожмоо андуу эндүү гарах вий гэдэгт болгоомжилж байгаа юм.

-Яагаад заавал хотын ойр барьж байгаа юм бэ. Нүүрсний уурхай түшиглэн байгуулсан бол илүү дээр байх байсан гэж ярих хүмүүс байгаа?

-Дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэж байж эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй байгаль орчинд ч хэрэгтэй болно. Улаанбаатар хот одоогоор 1585 ккал дулаан хэрэглэдэг. Цаана нь дахиад 1100 ккал дулаан шаардлагатай. Үүний 348 ккал-ыг Амгалан дулааны станцаас, ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөлөөр нөхөөд ч хүрэлцэхгүй тул ТЭЦ-5-ыг хотод ойр барихаас аргагүйд хүрсэн.  Газрын тухайд олон газрыг сонгосон ч шалтаг шалтгаан тоочсоор зөвшөөрөл олгоогүй. Хужирбуланд хөрсний хагаралтай гэсэн бол Баянзүрхийн товчооны цаад талын газрыг хувийн хэвшлийнхэн эзэмшдэг гэсэн шалтгаанаар хойшлуулсан. ТЭЦ-3-ын дэргэд барих гэсэн боловч газар чөлөөлөх болон ундны усны асуудал тулгарсан учир Хонхор, Налайх, Багануур, Шивээ-Овоо зэрэг газруудыг ч судалж үзсэн. Газарзүйн байршлын хувьд хамгийн оновчтой газар нь Хөлийн голын хөндий байсан. Хослон үйлдвэрлэж байж ашгаа өгдөг нь эрчим хүчний салбарын нэг онцлог. Түүний дээр зүүн зүгт эрчимтэй тэлж буй Улаанбаатарын хэрэгцээг бодсон ч ТЭЦ-5-ыг Хөлийн голын хөндийд барихаас аргагүй. Хөгжингүй орнуудад хотын төвдөө станц байгуулсан нь олонтаа. Манайхтай адил хар утаа суунагладаггүй болохоор анзаардаггүй байж болох талтай. Орчин үеийн технологиор байгаль орчинд халгүй станц барих бүрэн боломжтой.

-Концессийн гэрээгээр станц барих тендерт шалгарсан хоёр компани бий гэлээ. Гэрээ байгуулах эрхийг ямар үзүүлэлтээр өгөх вэ. Хувь эзэмшил нь ямар байх бол?

-Тендерт хоёр консерциум шалгарч үлдсэн. Эхнийх нь Францын "Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суэз", Японы "Сожитц", БНСУ-ын "Поско Энержи" болон Монголын "Ньюком" компанийн хамтарсан консорциум бол нөгөө нь БНСУ-ын Самсунг, “Коспо энержи” компанийн хамтарсан консорциум юм. Хувь эзэмшлийн ялгаа хийгээд давуу болон сул талыг бид нэрлэхийг хүсэхгүй байна. Гагцхүү шалгаруулалт хөшигний цаана бус ил тод яваасай. Яамны зүгээс үндсэн гурван нөхцөлийг харгалзан үзнэ. Нэгдүгээрт, станцаа ямар үнээр барьж байгуулах, хоёрдугаарт, цахилгаан дулааныг ямар үнээр нийлүүлэх, мөн техник тоног төхөөрөмж ямар байх вэ гэдгийг харах нь зөв болов уу. Түүнээс шалгаруулалтад оролцоод шийдвэрт нөлөөлөөд байх хүсэл алга. Шалгаруулалтыг сэтгүүлч та нар дунд суугаад хөндлөнгөөс харж суухыг илүүд үзэх болно. Төгсгөлд нь хэлэхэд станцыг барих эсэх, хаана барих талаар хангалттай маргалаа. Одоо ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж