
Бид өчигдөр тус амьтны хүрээлэнг зорин очлоо.
Цаг дулаарч, үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа ч амьтны хүрээлэнгийн муур бүл нэмсэн, чоно нь удахгүй гөлөглөнө гээд сайн мэдээтэй угтсан юм. Харин цацагт хяруул нь ганцаардаад тун ч хэцүү байгаа гэв. Үүрэн дотроо ийш тийш хөлхөөд хаяа хаяа муухай дуугараад л гацаардаж буйгаа илтгэх мэт. Жижигхэн талбайтай болохоор ижлийг нь салгаад хөдөө явуулсан юм билээ. Энд хоёр чоно, бүл нэмсэн гурван муурнаас гадна начин шонхор, туулай гээд л өхөөрдөм амьтан цөөнгүй байсан. Туулай л гэхэд хүмүүсийн хөлийн чимээнээр үүрэндээ бүгсэн ч жаахан байцааны сургаар год үсрээд гараад ирэх. Тас хар өнгөтэй энэ туулай нь лууван, талх, байцаагаар “зоог” барьдаг аж. Харин цацагт хяруул талх, будаа, ус “зооглох”. Чонын хувьд араатан учраас дандаа мах л иддэг гэсэн.
Л.Сайнбатын тэжээж байгаа эдгээр амьтад их сонин байдлаар түүний гарт ирсэн аж. Чоныг л гэхэд бэлтрэг байхад нь хүүхдүүд нохойтой зодолдуулна гээд аваад явж байхад нь худалдаж авсан ба харин идлэг шонхорыг нь Эрдэнэтэд явж байхдаа олж авсан юм байна. Шонхор хэрээнүүдэд бариулаад далавч нь гэмтсэн байхад нь авчирч эмчилсэн гэсэн. Мөн Баянхонгорын Галуут сумаас авсан хун далавч нь гэмтчихсэн нисч чадахгүй байсан аж. Энэ мэтчилэн гэмтэж, бэртсэн, авах хүнгүй, өнөө маргаашаа хүлээж байсан амьтдад амьдрал бэлэглэсэн юм билээ. Энэ амьтны хүрээлэнд матар, могой, алгын чинээ аалз, нугас, тоть, ангир шувуу гээд 30 төрлийн амьтан бий. Дулаан ороогүй болохоор матар, могой, загасаа Л.Сайнбат гэртээ тэжээж байгаа гэсэн. Тэрбээр зун болохоор эдгээр амьтдаа аваад хөдөөгийн багачууддаа сонирхуулахаар аялалд гардаг юм байна. Нэг ёсондоо явуулын парк ажиллуулдаг гэсэн үг. Тэрбээр энэ тухай “Би Баян-Өлгийгөөс бусад аймагт очоод байгаа” гэсэн. Хот орж үзээгүй хөдөөний хүүхдүүдэд хамгийн том бэлэг болдог аж. Зарим нь бүр цагаан тагтаа үзчихээд, “Энэ ямар амьтан бэ” гэж гайхаж байсан гэв. Тиймээс ингэж явуулын парк ажиллуулах нь хүүхдүүдэд амьтны талаарх мэдлэг олгоод зогсохгүй, амьтанд хайртай болгодог гэдгийг тэрбээр онцолж хэлнэ билээ.
Гэхдээ хүүхдүүдийн нүдийг баясгаж, сонирхолыг татаж, очихыг хүсдэг энэ сайхан зүйл үгүй болж мэдэх нь. Амьтны хүрээлэнгийнхээ газрыг чөлөөлөөд өгчихөөр тэр газартаа дасал болчихсон амьтдаа хаана аваачих, яаж тэжээх гээд л олон асуудал үүснэ. Байгальд нь тавья гэхээр гурав, дөрвөн жил хүний гараас хоол идэж, бөөцийлүүлж байсан эдгээр амьтад хэрхэн дасан зохихцох нь эргэлзээтэй байгаа аж. Чоно л гэхэд араатан амьтан учраас хүн барих, мал руу дайр ч буудуулах гээд тун ч олон бэрхшээл байгаа юм хэмээн тэрбээр хэлж байна. Миний санаж байгаагаар, хэдэн жилийн өмнө “Амрита”-д баавгай тэжээж байгаад, байгаль хамгаалагчдын “Байгальд нь тавь” гэсэн шаардлагаар суллахад, Мөнгөнморьтод очоод хүн барьсан удаа бий. Энэ мэтчилэн эрсдэл байгаа гэсэн. Л.Сайнбат захиралтай уулзахад, “Төр засгийн хийгээгүйг хийх гэж үзэж байна. Гэтэл биднийг дэмжих биш унагаах гээд байх юм. Энэ жилээс амьтны хүрээлэнгээ өргөжүүлэх гээд Хөвсгөлөөс цаа буга, Хятадаас тэмээн хяруул авчруулах гээд захьсан. Энэ амьтад удахгүй ирэх гээд байдаг, хашаа хороогоо янзламаар байна. Гэтэл газраа чөлөөл гээд байх юм. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг Аялал жуулчлалын үндэсний төв хариуцдаг юм билээ. Саяхан шинэ даргатай болсон байсан. Тэр дарга нь наадтай уулзахдаа “Хамтарч ажиллья. Зүгээр санаа байна. Манайхаас тусалж дэмжих юу байна” л гээд байсан. Гэтэл саяхан очоод уулзсан чинь мань хүн зангаа хувиргачихсан “Дөрөвдүгээр сарын 20-ны дотор энэ газрыг чөлөөл. Энэ газар улсын өмчийнх. Түрээслэх ёсгүй” гэсэн шаардлага тавьсан. Төрийн өмчийнх гэсэн хэрнээ АН-ынхан нь хоёр том ресторан, хүүхдийн тоглоом гээд л олон бизнес энд явуулж байгаа шүү дээ. “Будда хаус”-д 1000 метр газрыг түрээслүүлсэн байгаа. Гэтэл амьтны хүрээлэн байгаа 200 ам.метр газрыг булаах гээд байх юм. Хотын даргад хандах гээд очиход 335 хүний дараа хүлээж авна гэсэн” хэмээж байв. Түүнчлэн тэрбээр “Надад газар нь л байвал би өвөл, зунгүй үзүүлэх боломжтой амьтны хүрээлэн байгуулж чадна” гэсэн юм.
Тэрбээр энэ амьтны хүрээлэн байрлах 200 метр газрыг ашигласныхаа төлөө сард сая төгрөг төлдөг бөгөөд хүүхдүүдэд 2500 төгрөгөөр үйлчилдэг. Уг нь ирэх сарын 15-наас багачууддаа үүдээ нээхээр төлөвлөж байсан ч газрын асуудлаас болоод амьтад хүрээлэндээ цугларах нь эргэлзээтэй байгаа юм. Гэхдээ Л.Сайнбат бууж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс тавдугаар сарын 1-ний дотор амьтны хүрээлэнгийн газрыг шийдэж өгөхгүй бол түүнтэй хамт 100 амьтан нь “жагсах” бөгөөд тэдэнтэй хамт 1000 хүн нэгдэнэ гэсэн билээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
