Үүний зэрэгцээ эрх баригчаас сөрөг хүчний суудалд заларсан намынхаа алдаа оноо, алс хэтийг ч хэлэлцэх учиртай. Харин иргэд энэхүү хурлаас юу хүлээж байна вэ. Юуны түрүүнд олон жил төр барьсан туршлагатай, Монголын ууган улс төрийн хүчин МАН-ын хувьд эдүгээ ээдрээтэй нөхцөл байдлыг туулж байгаа нь үнэн. Гэвч энэ нь тэдэнд цөөнхийн байр сууринаас улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд хандан сөрж дуугарах завшаан олгож буй. Мөн түшмэдийн эрх мэдэлд бялуурч, түмэн олноос тасарсан гэх шүүмжлэлийг ард түмэн юуны учир өөрсөд рүү нь хандуулах болсныг ойлгох боломжийг олгож байгаа.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн парламентын хамтарсан Засгийн газрын үед “Монголд сөрөг хүчин байхгүй боллоо” гэх шүүмжлэлийг ИЗНН-ын дарга С.Оюун хэлдэг байсан. Гэвч тэрбээр өөрөө ч, нам нь ч сөрөг хүчин байж чадаагүй билээ. Харин энэ удаа УИХ-д 25 суудалтай том нам сөрөг хүчний байр сууринаас дуугарч буй нь ард түмэнд их итгэл найдвар төрүүлж буй юм. УИХ-ын сонгуулиас хойш бараг бүтэн жилийн хугацаанд нам гүм байж, “МАН-ынхан сөрөг хүчин байхыг ойлгохгүй, учраа олохгүй явна” хэмээн шүүмжлүүлж байсан сөрөг хүчин хаврын чуулганы нээлтээс хойш идэвхитэй ажиллах болсон нь нийгмийн талархлыг хүлээгээд байгаа. Ингэснээр төрд дутагдаж асан дуу хоолой, түмэнд үгүйлэгдэж байгаа төрийн бодлогыг зөв, төвшин байлгах үүргийг өөртөө үүрч яваа хэрэг юм.
Одоо тэд УИХ дахь намын бүлгээсээ С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нараар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж Монголбанк, “Эрдэнэс Тавантолгой” компанийг шалгаж эхэлсэн. Энэ нь УИХ-ын чуулган болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн үгний үзүүрт цухуйлгасан зарим баримтаас үүдэлтэй. Угаасаа хар дагуулсан зүйлийн дэргэдүүр хамаагүй мэт өнгөрөх нь сөрөг хүчинд байх ёстой чанар биш. Тийм ч учраас тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн хэмээн үзэж худал үнэнийг нь ард түмний нүднээ ил ярилцаж байгаа. Цаашид ч энэ эрчээрээ ажиллах байх гэсэн итгэл их олон хүнд байгаа нь гарцаагүй юм.
Чухам ийм учраас ирэх сарын эхээр болох Бага хурлаас нь ард түмэн ихийг хүлээж буй нь ойлгомжтой юм. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлж хэрхэн яаж оролцох нь тэднийг цаг үеийн хариуцлагаа хэрхэн харж байгааг нь тодоор илэрхийлж таараа. Ер нь төрийн гурван өндөрлөгт нэг намын хүмүүс суух нь нийгэмд гажуудал авчирдгийг өмнөх түүхүүд харуулсан билээ. Тиймээс энэ удаа МАН-д төр барихаас илүү хариуцлага ирж байна гэсэн үг. Мөн МАН-ыг сөрөг хүчний дүрээр нийгэмд сайн зүйл авчирна гэсэн хүлээлт ч үүссэн юм.
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх, ямар хүн байвал зохих вэ гэдгийг ард түмнээсээ асуусан нь ч олон жил төр барьсан хүмүүсийн бодож байж гаргасан шийдвэр байх. Ард түмэн тэдэнд Ерөнхийлөгч байж болох хүмүүсийг эхний байдлаар тодруулж өгөөд байгаа. Одоогоор иргэдийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн олон хүний дэмжлэг авсан нь намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Д.Оюунхорол, Су.Батболд нар байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргах учиртай. Харин бид МАН-аас хэний нэрийг дэвшүүлбэл зөв вэ гэсэн асуултыг улстөрчид болон ард иргэдэд тавьсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Бага хурлын шийдвэрт нөлөөлсөн болох учраас энэ талаар ярих боломжгүй
-Энэ талаар ярих эрт байна. Удахгүй манай намын Бага хурал болно. Түүнээс өмнө “Би энэ хүнийг дэмжинэ” гэж яривал хурлын шийдвэрт нөлөөлсөн болох учраас ярих боломжгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Жирийн иргэн байсан бол тэр гээд нэрлэх байлаа
-Бид намаараа хэлэлцэж ярилцаагүй байна. Хэрвээ би жирийн иргэн байсан бол тэр энэ гээд нэрлэх байлаа. Намын Удирдах зөвлөл, Бага хурал дээр өрсөлдөхөөр олон хүн яригдаж байгаа энэ цаг үед нэр цохож болохгүй л дээ. Тиймээс тухайн үед нь л хэлэх, бас зарлах нь зөв.
УИХ-ын гишүүн асан Р.Буд: Тэр гээд нэрлэх хүн алга
-Одоохондоо тодорхой байр суурь алга. Удахгүй намын Бага хурал болно. Түүгээр л тодорхой шийдэлд хүрч, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг шийднэ. Одоогоор тэр гээд нэрлэх хүн алга байна.
Ардын жүжигчин Ц.Батчулуун: Хэнийг өрсөлдүүлэхээ шийдчихсэн байлгүй дээ
-Би улс төрөөс хол байдаг хүн. Алийг нь гэх вэ дээ. Бүхэл бүтэл том нам надаас асуусан асуугаагүй хэний нэрийг дэвшүүлэхээ шийдчихсэн байлгүй. Би ямар таних биш. Б.Бат-Эрдэнэ аваргыг л танина.Хөгжмийн чиглэлээр хэнийг дарга болгох вэ гэвэл тодорхой юм ярьж чадах байсан биз.
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир: Д.Лүндээжанцан гуайг дэвшүүлбэл зөв юу уу
-МАН-аас нэлээн хэдэн хүний нэр яваад байна билээ. Тэдний дундаас Д.Лүндээжанцан гуай л дэвших нь зөв юм уу гэж харж байгаа. Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай гэдгээс эхлээд бодож үзэх олон зүйл бий.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр: Намын дарга нь л зүгээр байлгүй дээ
-Намын дарга нь л зүгээр байлгүй дээ. Энэ талаар тэр бүр бодоод байдаггүй болохоор ялах ялагдахын тухайд сайн мэдэхгүй юм. Яах вэ бусдыгаа бодвол Ө.Энхтүвшин нь арай буурьтай юм уу гэж харагддаг шүү дээ.
Эдийн засагч М.Чимэддорж: С.Баяр төрийн мэдрэмжтэй хүн
-МАН-аас би Санжийн Баярыг Ерөнхийлөгч болоход хамгийн тохирох хүн гэж бодож байна. Бусад хүмүүсийн хувьд “шаанс”-гүй харагддаг. С.Баяр улс төрийн мэдрэмжтэй, системтэй сэтгэдэг холын бодолтой улстөрч шиг санагддаг. Хэрэв одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дүйцүүлэх хүн гэвэл түүнийг л нэрлэнэ.
Чингэлтэй дүүргийн иргэн, Д.Батсүх: Ерөнхийлөгчийн албыг үнэн худал үгээр гоёж чимж, үнэгүйдүүлээд байхгүй хүн бол Б.Бат-эрдэнэ
-Ноён нурууг, хэлж байгаа үг, байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлийг нь харахад Б.Бат-Эрдэнэ аваргыгаа л дэмжинэ. Бусдыг нь сайн мэдэхгүй юм. Хийж бүтээгээд байсан юмыг нь ч сайн санахгүй л байгаа шүү. МАН-д Ерөнхий сайд, сайд, УИХ-ын дарга гээд гээд том том алба хашиж байсан хүмүүс байгаа. Гэвч яг чин үнэнийг хэлэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг нэг зүйл дээр тууштай явж чадахгүй л байх шиг харагддаг шүү дээ. Оюутолгойн гэрээг хоёр гурван жил орхихгүй ярьсан хүн Б.Бат-Эрдэнэ гишүүн л байгаа шүү дээ. Тэгээд л ард түмний дэмжлэгийг авах хүн гэж би боддог. Ерөнхийлөгчийн албыг ямар ч гэсэн намба алдаж, үнэн худал үгээр гоёж чимж, үнэгүйдүүлээд байхгүй байх. Ерөнхийлөгчид эмэгтэй хүн дэвшихийг бид лав хүлээж авахгүй.
Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн С.Наранчимэг: Ө.Энхтүвшин даргыг зөв бодолтой хүн юм уу гэж хардаг
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээсээ асууж байгааг нь их зөв ажил гэж харж байгаа. Олны санал авч байж гаргаж ирж байгаа нь сонгуульд амжилттай оролцох боломжийг олгоно гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна. Одоогоор хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Хамгийн гол нь зөв хүнээ л дэвшүүлэх хэрэгтэй. Миний хувьд МАН-аас Ө.Энхтүвшин даргын нэрийг дэвшүүлвэл зүгээр юм уу гэж харж байгаа. Гайгүй зөв бодолтой, сэхээлэг хүн юм уу гэж хардаг шүү дээ.
Чингэлтэй дүүргийн иргэн М.Бат-Эрдэнэ: Д.Лүндээжанцан гуай ерөнхийлөгчид өрсөлдөх хэмжээний хүн
-Сонгууль дөхчихсөн болохоор яах аргагүй л хэнийг сонгох талаараа бодох цаг ирсэн. АН эрх барьж байгаа гэдэг утгаараа жаахан дураараа байна юм уу даа гэж харагддаг. Тиймээс МАН-аас ч юм уу, МАХН-аас Ерөнхийлөгч сонгож байж буруу явбал залах боломжтой болох байх. тэгэхгүй бол эрх мэдэл хэтрэхээрээ яадаг гэдэг билээ дээ. Одоогоор МАН-аас өрөв таван хүн яригдаж байгаа гэсэн. Тэднээс миний хувьд Д.Лүндээжанцан гуайг олон жил улс төрд зүтгэсэн гэдгээрээ бусдаасаа дээр юм уу гэж бодоод байгаа. Ер нь улстөрчдийнхөө дунд арай ноён нуруутай нь юм уу гэж харагддаг шүү дээ. Би хэдийгээр МАН-ын гишүүн биш ч Д.Лүндээжанцан гуайг хүндэлж явдаг. Бусдыг нь туршлагагүй, муу гээгүй. Гэхдээ бусдыгаа бодвол Д.Лүндээжанцан гуайн Ерөнхийлөгчид өрсөлдөх хэмжээний хүн гэж санагдаж байна.
Завхан аймгийн, Отгон сумын иргэн С.Дорж: Д.Оюунхорол ерөнхийлөгчид нэр дэвшээсэй
-Би Завхан аймгийн хүн. Хотод эмнэлэгт хэвтэхээр ирээд байгаа. Ер нь энэ төрд эмэгтэй хүний ухаан дутаад байгаа гэж хүмүүс хэлээд байгаа. Тиймээс нутаг нэгтэй Д.Оюунхорол гишүүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд буруудахгүй гэж бодож байгаа. Тэр хүнийг Ерөнхийлөгч болвол их зүйл хийх болов уу гэж бодож байна. Мөн бүсгүй хүн учраас ард түмнээ ойлгож, илүү ойрхон ажиллаж чадах болов уу гэж бодож байна. Уг нь улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой биз дээ. Түүнээс биш хий хоосон амласан, хоосон амбийц хөөсөн хүн хэрэггүй. Тэгэхээр төрийг залуурдах дараагийн Ерөнхийлөгч Завхан нутгийн улстөрч Д.Оюунхоролыг байгаасай гэж бодож байна даа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин